Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид Алтай таван богд, Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай хэсэг болон түүний орчны бүсэд биотехникийн арга хэмжээ зохион байгуулж, 260 боодол өвс, есөн тонн давс байршуулжээ. Тодруулбал, Шивээт хайрхан, Талдгийн их уул, Сонгинот, Мухар, Хүрэн хайрхан, Хар магнай зэрэг газарт зэрлэг амьтдад зориулж, зургаан удаа өвс, тэжээл тавьсан байна.
Алтай таван богд болон Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт бүсэд хамаарах эдгээр газарт аргаль, янгир, халиун буга зэрэг амьтан олноор нутагладаг байна. Өнөө жил Монгол орны нийт нутаг, тэр дундаа баруун аймгуудын ихэнх бүсэд өвөлжилт хүнд, цас ихтэй, өвс ургамлын гарц тааруу байгаа нь зэрлэг амьтад төдийгүй таван хошуу малд хүнд сорилт болж буйг байгаль хамгаалагчид онцолжээ.
Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааныхан ч хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийж, биотехникийн арга хэмжээ авснаа мэдээлэв. Тухайн хэсгийн нийт нутагт цасан бүрхүүл их хэмжээгээр тогтсон, тал газраараа 15-20, уулархаг бүс, гуу жалгатай хэсгүүдэд 40-52 см зузаан цастай байгаа аж. Байгаль хамгаалагчид Хонь, Тахь усны баян бүрдэд сэргээн нутагшуулж буй үржлийн 21, азарган үрээний дөрөв, нийт 25 сүргийн 273 тахид зориулан 185 боодол өвс тавьжээ.