Америк дахь Монгол судлаач эрдэмтэд болон Монгол судлалыг сонирхогч нар жилдээ нэг уулзаж, холбоо хэлхээ тогтоон, судалгаа бүтээлээ ярилцдаг уламжлалтай.
Тэд АНУ-ын Смитсонианы хүрээлэн хэмээх алдар цуут өргөөнд цуглана. Судлаач М.Саруул-Эрдэнэ эрдэмтдийн уулзалтын талаар "Монгол судлалын хурал болж байна гэдэг баримт нь дангаараа Монгол судлалын нэр хүндийн хэрэг юм. Үйл ажилагаанд ирж сонсож оролцож байгаа тань бас хурлыг, АНУ дахь Монгол судлалыг ивээн тэтгэж байгаа хэрэг гэсэн үг юм шүү" хэмээжээ. Америк дахь Монгол судлаач эрдэмтэд уулзалт хоёрдугаар сарын 2-3-нд Смитсонианы хүрээлэнд болно.
Дашрамд дурдахад, “Смитсониан” хүрээлэн нь 154 сая гаруй түүхэн баримт, бүтээл, үнэт эдлэл, соёлын ховор өв хадгалдаг, боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй АНУ дахь хамгийн том соёл, боловсрол, түүхийн цогцолбор юм. Тус хүрээлэн нь Вашингтон ДиСи, Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг урлаг, соёл, шинжлэх ухаан, нийгэм судлал, техник технологи, түүх, археологи, боловсрол, сансар, амьтан судлал, анагаах ухаан зэрэг чиглэлийн үнэ төлбөргүй 19 музей, 2 галерей, 9 судалгааны төв, 1 амьтны хүрээлэнтэй билээ.