БЗД-ийн 13-р хорооны иргэд 14 дүгээр сургуулийн дэргэд байрладаг “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Арав гаруй жилийн өмнө баригдсан тус ШТС-ын асуудлыг эхнээс нь хөндөж, хөөцөлдсөн боловч үр дүн гараагүй байна.
Иргэн “Хоёр өдрийн өмнө болсон осолтой холбоотой дээрх асуудлыг шийдвэрлэж өгөхийг дахин хүсэж байна. БЗД-т таван дунд сургуулийн орчимд ШТС бий. Тиймээс БЗД-ийн Засаг дарга, газрын албанд энэ газрыг чөлөөлж өгөхийг шаардаж байна. Мөн МАН-ын дарга нарыг хулгай хийдэг шигээ ажлаа хийгээд өгөхийг гуйя” гэлээ.
Иргэн н.Ганхуяг “Тус ШТС-ын дор шатахууны торх бий. Үүний аюулгүй байдал алдагдаж, эрсдэл үүсэхгүй гэх баталгаа алга. Эхнээсээ хүүхдийн эрх ашиг, оршин суугчдын эрх ашгийг зөрчин байж ШТС барьсан. Тус асуудлыг шийдвэрлэж өгөх саналаа хэлж, хөөцөлдсөн боловч компанийн зүгээс доромжилж, үр дүнд хүрэхийг чинь харъя хэмээн бассан” гэлээ.
БЗД-ийн 13-р хорооны хэсгийн ахлагч н.Ганцэцэг “2022 оны гуравдугаар сараас хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Үүнээс хойш Шунхлай ШТС-21-ийг нүүлгэх асуудлыг хөөцөлдсөн. Мөн өдрийн ид ачааллын үед буюу 12-14 цагийн хооронд арван хоног тутамд бензин таталтаа хийдэг. Тус асуудлаар удаа дараа 11 11 рүү мэдэгдсэн. Гэвч асуудал шийдэгдээгүй. Хуулийн дагуу, стандарт зөрчөөгүй гэх хариулт өгдөг. Төрийн захиргааны төв байгууллагуудын удирдлагад хандахад анхан шатны нэгжид ажиллаж байж төрийн эсрэг үйлдэл хийлээ” гэсэн байна.
Хичээлийн үеэр шатахуун үнэртэж, сурагчид цонхоо хүртэл онгойлгодоггүй байна. Сургуулийн С жигүүрийн ангийн сурагчдад дотор муухайрч, толгой эргэх байдал үргэлж илэрдэг аж. 6000 хүүхдийн гарын үсгийг цуглуулж, хүсэлт илэрхийлсэн байна. БЗД-ийн удирдлагаас ажлын хэсэг гаргаж, хуралдсан үр дүн гараагүй байна. Асуудал энэ мэтээр зөрчигдөж байхад төр засгийн зүгээс ямар ч арга хэмжээ авахгүй байгаа учраас эсэргүүцлээ илэрхийлж, шаардлага тавихад хүрчээ.