2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор шатамхай бодис болох шингэрүүлсэн хий алдагдан, дараалсан хүчтэй дэлбэрэлт болсны уршгаар ОБЕГ-ын аврагчид амь насаа алдсан. Урьдчилан тааварлашгүй гэнэтийн гамшигт өртөж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Д.Барсүрэн, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлагч Э.Түвшинтөр нар амь эрсэдсэн. “Ийм нөхцөлд Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан заалтын аль өндрөөр нь тэтгэмж олгох юм байна. Тодруулбал, арван жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэдгийг ОБЕГ-ын газрын дарга Я.Гантөмөр мэдээллээ.