ОБЕГ-аас гал түймрийн үед алба хаагчдын хэрэглэдэг тусгай зориулалтын хувцас, хэрэглэлийн талаар мэдээлэл өглөө. Нийт алба хаагчдын 80 хувь нь дээрх хувцас хэрэглэлээр хангагдсан байна.
Я.Гантөмөр ОБЕГ-ын газрын дарга, хурандаа “Алба хаагчдын хувцасыг техник, хүн нэг бүрийн тусгай хувцас, өдөр тутмын хувцас хэмээн ангилдаг. Техникийн хангалтын хувьд Польш, Францын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд тоног төхөөрөмж, техникийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн Тоёота корпорацийн техникээр парк шинэчлэл хийж байна. Тусгай зориулалтын болон өдөр тутмын хувцасны хувьд Улсын төсөвт тусгасан хөрөнгийн хэмжээгээр худалдан авалт хийдэг. 2023 оны долдугаар сарын үерээс хойш Засгийн газрын 294-р тогтоолоор энэхүү төсвийг нэмэгдүүлэхээр тогтож, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон. Ингэхдээ 15 тэрбум төгрөгийг тусгасан. Мөн Монгол-Францын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд төсөл хэрэгжүүлж, гурван нисдэг тэрэг авсан” гэж ярьлаа.
Баруун европт үйлдвэрлэсэн гал түймрийн тусгай зориулалтын хувцас 2000-2500 еврогийн үнэтэй байдаг. Гэвч Монгол Улсын цаг агаарын нөхцөлд тохирдоггүй учраас Сибирийн нөхцөлд үйлдвэрлэсэн хувцас хэрэгслийг ашигладаг байна.
ОБЕГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Тусгай зориулалтын хувцас өөрийн гэсэн стандарттай. Тодруулбал, обьектийн гал түймэр, ой хээрийн гал түймэр болон хамгаалах тусгай хувцасны тус бүрийн өөрийн стандарттай. Энэхүү стандартыг мөрдөж, худалдан авалт хийдэг. Гал түймрийн хувцас гэхэд +400 хэмд тэсвэртэй. Эдгээр хувцасаар нийт алба хаагчдын 80 хувь нь хангагдсан. Нийслэлийн бригад өндөр ачаалалтай ажилладаг учраас эдгээр алба хаагчдын тусгай зориулалтын хувцасаар бүрэн хангасан” гэлээ.