Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас Онцгой байдлын 3 алба хаагч амь насаа алдаж, 11 том хүн, 3 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авч, “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон “Санни таун” хотхоны 830 дугаар байр, нийт 30 автомашин түймэрт өртөж шатсан тухай урьдчилсан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК, ХЭҮК, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллага, ажлын хэсгээс хууль тогтоомжид заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд амь насаа алдсан, гэмтэж бэртсэн, иргэд, ААН-д учирсан эд хохирлын эцсийн дүнг гаргаж, олон нийтэд мэдээллэхээ Комисст мэдэгдсэн.
Иймээс амь насаа алдсан, гэмтэж бэртсэн, эд хөрөнгөөр хохирсон иргэдэд тохиолдсон уй гашууд хүндэтгэлтэй хандаж, тэдний хувийн амьдрал, хувийн нууцад халдахгүй байх, хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байхад иргэдэд сэтгэл санааны болон бусад байдлаар хор уршиг учруулахуйц мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалжээ.