“Дашваанжил” компанийн шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын тэрэгтэй мөргөлдөж, ноцтой осол гарлаа. Онцгой албаны залуус амиа алдаж, олон хүн гэмтэж бэртэв. Улс нийтээрээ уй гашуу болж, албаныхан хэр чадлаараа ажиллаж байна. Гэтэл магадгүй хэргийн эзэн хэнгэргийн дохиур болох “Дашваанжил” компанийнхан таг чиг байх юм.
Хэдэн жилийн өмнө Дархан-Уул аймагт “Дашваанжил” компанийн хийнээс үүдэлтэйгээр орон сууцанд томоохон дэлбэрэлт болж байв. Хий дэлбэрсний улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүндхэн бэртсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Дэлбэрэлт болсон айлын гэрт “Дашваанжил” компанийн хоёр ширхэг газ байсан бөгөөд хэрэглээгүй байсан нэг газ нь дэлбэрсэн гэдэг. Дэлбэрэлтийн улмаас тус орон сууцны хэд хэдэн айлын хана цуурч мөн дулааны шугам, паар задарсан удаатай. Улмаар байрны оршин суугчдыг сургууль, цэцэрлэгт байрлуулж байсан гашуун сургамж уг нь бий.
Харамсалтай нь, “Дашваанжил” компанийнхан энэ бүхнээс сургамж аваагүй бололтой. Урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах тал дээр дээд зэргээр анхаарч чадаагүйг өчигдрийн осол харуулав. Ослын эцсийн дүгнэлт гараагүй байна. Гэхдээ эрдэнэт хүний амь үрэгдсэн нь үнэн. Дахиад таван хүн үхэл амьдралын заагт эмнэлгийн орон дээр тарчилж хэвтээ нь худал биш. Гэсэн ч “Дашваанжил” компанийн удирдлага уучлал гуйх нь битгий хэл эмгэнэл илэрхийлсэнгүй. Уг нь, цөөнгүй жил үйл ажиллагаа явуулсан эл компанийн удирдлага уучлал гуйх наад захын бизнесийн соёл, ёс зүйд суралцсан баймаар.
Гэтэл эсрэгээрээ тэд байгууллагын албан ёсны пэйж хуудсаараа "XVII жарны Ногоон модон луу жилд таны гал тогооны өнгө төрхийг тодорхойлох ХАМГИЙН ГОЁМСОГ ХИЙЦТЭЙ сүүлийн үеийн ПЛИТКҮҮД САР ШИНИЙН УРАМШУУЛАЛТАЙ БАГЦ"-д орлоо" гэх сурталчилгаа байршуулсан шигээ ажин түжин байгаа нь харамсалтай. Цаашдаа “Дашваанжил” компанийнхан урьдчилан сэргийлэх ажил түлхүү хийж, аюулгүй байдлаа дээд зэргээр хангаж, сахилга хариуцлагаа дээшлүүлэхгүй бол дээрх амь авсан осол гэмтэл дахиад давтагдахыг үгүйсгэх аргагүй билээ.