Эдийн засаг, энх тайвны институт (IEP)-ээс олон улсын шинжээчидтэй хамтран гаргасан “Дэлхийн энх тайвны индекс-2023” тайланд манай улс 163 орноос 44 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ таван байраар ухарсан үзүүлэлт аж. Тодруулбал, Монгол Улс 2022 онд 39 дүгээрт жагсаж байжээ. Хамгийн энх тайван улсаар Исланд 17 дахь жилдээ тодорсон бол хоёрдугаарт Дани, гуравдугаарт Ирланд, удаах байруудад Шинэ Зеланд, Австри, Сингапур, Португал, Словени, Япон, Швейцар оржээ. Харин сүүлчийн байрт Конго, Өмнөд Судан, Сири, Йемен, Афганистан жагссан байна. Энх тайвны индексийг тооцохдоо нийгэм, улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хүний эрх, эрх чөлөө, террорист аюулын түвшин зэргийг харгалздаг бөгөөд дэлхийн хүн амын 99 хувь нь оршин суудаг 163 улсыг хамруулдаг юм. 17 дахь удаагийн үнэлгээгээр эдгээр орны 84-ийнх нь үзүүлэлт сайжирсан бол 79-ийнх нь буурчээ. Нийт үнэлгээгээр дэлхийн энх тайвны индекс 0.42 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарсан аж.
Бэлтгэсэн И.Мишээл