Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) 1985 оноос хойших Монгол орны цаг уурын мэдээлэл, датаг нэгтгэсэн archive.namem.gov.mn цахим хуудсыг Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулжээ. Ийм мэдээллийн сантай болсноор судлаач, мэргэжилтнүүд төдийгүй иргэд сүүлийн 40 орчим жилийн цаг агаарын төлөвийг богино хугацаанд төвөг чирэгдэлгүй харах боломж бүрдсэн гэнэ.
Хоногт найман удаагийн давтамжтай ажиглалт хийдэг цаг уурын 130 станц манай улсад бий. Тэгвэл эл мэдээллийн сангийн хэрэглэгчид дурын станцаа сонгож, дата, прогнозыг нь харах боломжтой юм байна. Түүнчлэн агаарын температур, даралт, чийг, салхины хурд, хур тунадас, газрын ажиглалтын нарийвчилсан мэдээллийг харж болох нь. Ташрамд дурдахад, ЦУОШГ-ынхан өдөр тутмын мэдээлэл хүргэдэг weather.gov.mn сайтаа гар утаснаас нэвтрэхэд илүү хялбар болгон шинэчилж, хур тунадасны магадлал, хүнд мэдрэгдэх температурын урьдчилсан мэдээг хүргэдэг болжээ.
Бэлтгэсэн И.Мишээл