Засгийн газрын 290 дүгээр тогтоолоор баталсан Байгальд ээлтэй дэвшилт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмын дагуу БОАЖЯ-наас зургаан аж ахуйн нэгжид ногоон гэрчилгээ, тэдгээрийн үйлдвэрлэдэг, худалддаг бүтээгдэхүүнд эко тэмдэг олгохоор болжээ. Тодруулбал, хог хаягдлыг дахин боловсруулж, хуванцар хоолой, цонхны бэлдэц бэлтгэдэг “Метропласт”, Дархан-Уул аймгийн 110 мВт-ын хүчин чадалтай нарын цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлж, өдгөө төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буй “Солар повер”, хүдрийн овоолгоос шүүрэх хүчиллэг усыг боловсруулж, саармагжуулдаг “Ган сэнтий”, нарны эрчим хүчийг цахилгаан болгож хувиргах дэвшилт технологи ашиглан үйлдвэрлэл явуулж байгаа “Лайт хаус хайбрид”, усны чанар сайжруулах, эрчим хүч хэмнэх, дулаан алдагдлыг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж импортлогч “Тот ком сервис”, экологид хор хөнөөлгүй, хаягдалгүй технологиор хорголжин түлш, цэвэр модон тавилга, сууц хийдэг “Мод кон” зэрэг аж ахуйн нэгжид үүнийг олгохоор шийдвэрлэсэн байна. Эдгээр нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг, дэвшилт арга, технологи нэвтрүүлсэн, мөн ийм болзол хангасан бүтээгдэхүүн импортогч компаниуд аж.