Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т энэ сараас элэгний хавдрын мэс засал хийж эхэлжээ. Тус эмнэлгийнхэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эмч, мэргэжилтнүүдээ хоол боловсруулах замын хавдрын мэс заслын чиглэлээр сургаж, чадавхжуулсан аж. Ингэснээр хавдрын мэс заслыг нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 10-нд тус эмнэлгийнхэн 52 настай өвчтөнд элэгний хавдар тайрах нээлттэй мэс заслыг амжилттай хийсэн аж. Мэс заслын дараа эмчлүүлэгчид ямар нэгэн хүндрэл гараагүй гэнэ. Өвчтөний биеийн байдал сайжирсан бөгөөд уржигдар эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад шилжжээ. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилготой арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм байна.
Бэлтгэсэн: М.Оч