Элчин сайд Ө.Батбаяр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Хилийн чанад дахь Монгол иргэдийн мэдлэг, чадавхыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгох нь” төслийн хүрээнд тус байгууллагын Вашингтон дахь Бүсийн төвийн төслийн зохицуулагч А.Маристела тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын диаспорт чиглэсэн төсөл хэрэгжүүлж буй явдалд талархал илэрхийлж, өндөр ач холбогдолтой болохыг Элчин сайд тэмдэглэв. Үргэлжлүүлэн тэрбээр АНУ дахь Монгол иргэдэд түгээмэл тулгардаг хүндрэлүүд, ЭСЯ-ны зүгээс эдгээрийг шийдвэрлэх ажлын хүрээнд баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нэвтрүүлж буй төрийн үйлчилгээний шинэчлэл зэргийг дэлгэрэнгүй танилцууллаа. Хоёр тал иргэд болон иргэдийн холбоод руу чиглэсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиров.