Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлсэн нийтийн тээврийн чиглэлийн шинэчлэлийн талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өмнө нь нэг буудал дээр 28 чиглэлийн автобус ирж, давхцал ихээр үүссэн байсан. Тиймээс үүнд анхаарч тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Нийт автобусны чиглэлийн 65 хувьд шинэчлэл хийгдэж байна. Парк шинэчлэл хийхийн зэрэгцээ, дээрх давхцлуудыг арилгахгүй бол түгжрэл хэвээр үлдэнэ. Мөн нэгдүгээр эгнээг чөлөөлсөн ч төв зам дагуух зогсоол саад болдог. Тухайн зогсоолуудыг хааж, ногоон байгууламж хийхээр судалж байна. Арваад жилд 612 369 автомашин нэмэгджээ. Гэтэл авто замын сүлжээний өсөлт 1.8 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, дорвитой арга хэмжээ авахгүй бол түгжрэлгүй болохгүй нь ээ. Тиймээс иргэдийн олон жил яваад, хэвшил болчихсон чиглэлийг өөрчилж, арга хэмжээ авахад хүрсэн. Гэвч гүйцэтгэлийн шатанд алдаа гарсан учраас нийт иргэдээсээ хүлцэл өчье. Богино хугацаанд алдаагаа засахын тулд бид ажиллаж байна. Нэмж хэлэхэд, Улаанбаатар хот урт үргэлжилсэн байршилтай. Ид ачааллын үед зүүн талд автобуснууд таг зогсоход баруун тал ямар ч автобусгүй болчихдог. Тус асуудлыг шийдвэрлэхийн тулд хувааж, богино эргэлттэй болгосон. Автобусны чиглэлийн шинэчлэлийн асуудлыг арванхоёрдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлж, бэлтгэл ажлыг хангасан. Харин цаашид төлбөрийн системийг хэрхэн нэвтрүүлж, үнэлэх асуудлыг нэгдүгээр сарын 25-нд хуралдах НИТХ-аар шийдвэрлэнэ” гэлээ.