Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Бүгд Найрамдах Индонез Улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих эсвэл дамжин өнгөрсөн тохиолдолд тус улсын хил дээр виз мэдүүлэх боломжтой. Тухайлбал, тус улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх боломжтой орны жагсаалтад Монгол Улсыг нэмсэн. Ингэснээр Монгол Улсын иргэд өмнө нь 150 ам.доллараар мэдүүлж байсан Индонезийн богино хугацааны буюу 30 хүртэлх хоногтой аялал жуулчлалын визийг 35 ам.доллараар мэдүүлэх нөхцөл бүрджээ.
Индонез Улсын хилийн боомт дээр виз мэдүүлэхэд тавигдах шаардлага:
- Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх,
- Буцах нислэгийн тийзтэй байх,
- Тус улсын гаалийн https://ecd.beacukai.go.id цахим холбоосоор нэвтэрч, мэдүүлгийг цахимаар бөглөж, QR код бүхий мэдүүлгийг гар утас эсвэл цаасан хэлбэрээр татан авч, хил гаалийн ажилтанд үзүүлэх юм.
Харин аялал жуулчлалын болон албан ажлаар зорчих эсвэл дамжин өнгөрөх визийг тус улсад зорчихоосоо өмнө урьдчилан мэдүүлж болно. Энэ тохиолдолд Индонез Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын https://evisa.imigrasi.go.id холбоосоор нэвтэрч, холбогдох визийг цахимаар мэдүүлэх юм.