Улиран одсон 2023 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил хэмээн тэмдэглэгдээд байна. Хэт халуунаас үүдэлтэй байгаль, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд бөмбөрцгийн өнцөг булан бүрд тохиож, олон мянган хүн амиа алдсан ширүүн жил болсныг ч цаг уур судлаачид онцолж буй. Руанда, Конго улсад зургаадугаар сард орсон ширүүн аадрын улмаас 600 орчим хүн нас барав. Канадад олон зуун голомтод ойн түймэр дэгдэж, 18 сая га газар хуйхлагдлаа. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн том талбайг хамарсан түймрийн эхэнд бичигдсэн бөгөөд 24 мянга гаруй хүнийг амьдран буй газар нутгаасаа дайжин зугтахад хүргэжээ. Европ, Хойд Америк, Хятадын томоохон бүс нутгуудад зургаа, долоодугаар сар дамнан үргэлжилсэн хэт халуунаас болж мянга мянган хүний эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт, сөрөг нөлөөллүүд илэрснийг олон улсын байгууллагууд онцолсон.
Ливид есдүгээр сард орсон аадар бороо 3400 гаруй хүний амийг авч одлоо. ӨАБНУ-д сүүлийн гурван жилийн турш үргэлжилж буй гангийн хор хөнөөл өнгөрсөн онд улам эрчимжин, сая сая хүн хүнс хоолоор хомсдож, гэнэтийн, ширүүн борооны уршгаар орон гэргүй болж, амиа алдсан иргэдийн тоо эрс нэмэгдэв.
2023 онд хаана, ямар гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиосныг энэ мэтчилэн дурдвал тоочоод барамгүй. Иймд зах зухаас нь дурдав. Монгол орны хувьд ч 2023 он гамшиг, аюулт үзэгдэл олон тохиосон, гарз хохирол ихтэй жил байв. ОБЕГ-аас мэдээлснээр өнгөрсөн жилд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 191, биологийнх 140, геологийнх 86, нийт 417 тохиолдол бүртгэгджээ. Улаанбаатар хотод өнгөрсөн зун болсон их үер, Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан түймэр, өнгөрөгч арваннэгдүгээр сарын эхээр болсон цасан шамарга (нэг өдөр найман малчин эндсэн), Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн хүчтэй аадар, салхи шуурга гээд дурдвал мөн л уртаас урт жагсаалт үргэлжлэхээр олон гамшиг, аюулт үзэгдэл тохиосон, “бужигнаантай” жил байлаа. Тэгвэл 2024 онд биднийг юу хүлээж байгаа вэ. Энэ жил цаг агаар ямар байх бол.
Цаг агаар, уур амьсгал, хүрээлэн буй орчны судалгаа шинжилгээ хийдэг олон улсын байгууллагууд, шинжээч, мэргэжилтнүүд 2024 оныг түүхэнд байгаагүй халуун жил болно хэмээн “зөгнөх” болов. Өнгөрсөн жилд болсон цаг агаарын томоохон 120 үзэгдэлд тулгуурлан судалгаа хийсэн Дэлхийн цаг агаарын шинжилгээний агентлагийн (WWA)- ийн мэргэжилтнүүд “Хэт халалт 2024 онд ч үргэлжлэх төлөвтэй. Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт, байгалийн жам ёсны үзэгдэл болох Эль Нино (далайн гадаргуун усны температур хэвийн түвшнээс халж, агаар мандалд нөлөөлөх явц)-гийн хослолоор түүхэнд байгаагүй халуун жил тохиох магадлал маш өндөр байна” гэж энэ оны эхээр дэлхий нийтэд анхааруулав. Колумбын их сургуулийн Олон улсын цаг уур, нийгмийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Эндрю Крукцкиевич “2023 оны III, IV улиралд буюу сүүлийн зургаан сард үргэлжилсэн халуун дулаан уур амьсгал энэ жилийн эхний хагаст ч зонхилно. Сүүлийн найман жил дэлхийн түүхэн дэх хамгийн халуун мөчлөг болж буй. 2024 он ч үүнийг үргэлжлүүлнэ. Бусад хүчин зүйлээс үл хамааран Номхон далайг гатлан ирэх Эль Ниногийн уур амьсгал дэлхийн температур, цаг агаарт хүчтэй нөлөөнө” хэмээв.
Британийн үндэсний цаг агаарын төв байгууллага “Met office”-ийн доктор Ник Дунстоун “Дэлхийн температурын рекордыг эвдсэн жил дараалан тохионо гэж таамаглаж байна. Агаарын температур дэлхийн дунджаас 1.5 хэмээр дулаарах магадлалтай. Тэгвэл энэ нь цаг уурын түүхэнд гарцаагүй чухал үйл явдалд тооцогдоно” гэж мэдэгджээ. Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын шинжээчид ч өнгөрсөн оны тавдугаар сард “Энэ жилийн төгсгөлд дэлхий дахинд хэт хална. 2024 онд ердийнхөөс их халах магадлалтай” гэж мэдээлж байж.
Агаарын температурын өсөлтийг тооцохдоо аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу 1850-1900 оны дундаж үзүүлэлттэй харьцуулдаг. Энэ үед үйлдвэрлэл хөгжөөгүй байсан тул температурын өсөлт хэвийн, тэр хэрээр хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хор хөнөөл бага байсан. Харин 1910-аад оноос хойш температур тогтмол өссөөр, 2016 оноос огцом нэмэгдэж эхэлжээ. Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн онд агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.45 (±0.12) градусаар нэмэгджээ. Хэт халалтын оргил үе нь долоо, наймдугаар сард тохиож. Коперникийн нэрэмжит Уур амьсгал судлалын газраас мэдээлж буйгаар өнгөрсөн жилийн өдрүүдийн тал шахамд нь агаарын температур дундаж үзүүлэлтээс давсан гэнэ. Тэгвэл энэ онд агаарын дундаж температур анх удаа 1.5 хэмээс давж, түүхэн үзүүлэлтэд хүрнэ гэж судлаачид үзэж байна. Хамгийн тодорхой тооцоолол гаргасан гэх “Met office”-ийн мэргэжилтнүүд 2024 оны агаарын дундаж температурын өсөлт 1.58 хэмд хүрнэ хэмээн мэдээлжээ.
Агаарын дундаж температур 1.2 градусаар дулаарахад цаг агаарын аюулт үзэгдэл, гамшгийн давтамж эрс нэмэгдэж, олон сая хүн хатуу сорилттой нүүр тулна, харин хоёроос дээш бол экологийн тэнцвэрт байдал алдагдаж, аюулын түвшинд хүрнэ гэж үздэг. Тиймээс 196 улс нэгдэн орсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан юм. Тодруулбал, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлаж, дэлхийн дулаарлыг дээрх үзүүлэлтэд тогтоон барих нэгдмэл зорилтыг дэвшүүлсэн. Тэгвэл 2024 оны агаарын температур уг баримт бичигт тогтоосон “улаан шугам”-ыг давж болзошгүй нь.
Судлаачдын зарим нь “Дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх дэлхий нийтийн зорилго нь 2020-2040 оны дундаж үзүүлэлтэд хамаатай тул Парисын хэлэлцээрийн үр дүнг 2024 оны өсөлтөөр дүгнэх нь өрөөсгөл” гэж байгаа бол нөгөө хэсэг нь “Сүүлийн жилүүдэд тогтвортой өсөн нэмэгдэж байгаа агаарын температур, хүлэмжийн хийн ялгарал нь энэ зорилтыг улам хүнд болгож байна. Температурын өсөлтийг 1.5 хэмд барих боломжгүйг 2023, 2024 он харуулна” хэмээн муугаар төсөөлжээ. Дэлхийн улсууд агаарын температурын өсөлтийг хэвийн түвшинд тогтоон барих зорилтоо биелүүлэх чиглэлээр хангалттай хичээл зүтгэл гаргахгүй, өөрчлөлт, шинэчлэл хийхгүй байна гэж НҮБ-аас өнгөрсөн жил зарласан. Тэгвэл тус байгууллагын харьяа Байгаль орчны хөтөлбөрийнхөн “Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх магадлал 14 хувьтай” гэж дүгнэжээ. Уур амьсгал судлаачид ч энэ дүгнэлтийг үндэслэлтэй тооцоолол хэмээн “дэмжжээ”.
Дэлхийн дулааралд гол нөлөө үзүүлж буй хоёр хүчин зүйл нь хүлэмжийн хийн ялгарал, Эль Нино хэмээх үзэгдэл. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын төлөө хүн төрөлхтөн нийтээрээ, дэлхийн улсууд бүгд чадлынхаа хэрээр мэрийж байгаа ч хичээл зүтгэл нь хангалтгүй буйг олон улсын байгууллагын дүгнэлт, тооцооллоос харж болно. Тэгвэл Эль Ниногийн нөлөөг ч мөн хязгаарлах боломжгүй, цаашид улам эрчимжих төлөвтэй гэнэ. Энэхүү үзэгдэл нь 2019 оноос өмнөх үед хоорондоо хол зайтай буюу тодорхой давтамжит хугацаанд бүртгэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд өндөр идэвхжлийн үе нь тохиож, илүү урт хугацаанд тогтвортой үргэлжлэх болжээ. Дэлхийн цаг уурын байгууллагын урьдчилан мэдээлэх газрынхны тооцооллоор 2023 оны хоёрдугаар хагасаас эрчимжсэн Эль Ниногийн нөлөө энэ жилийн эхний саруудад ч үргэлжлэх бол дараагийн “цохилт” нь 7-9 сараас өмнө ирж болзошгүй гэж таамаглажээ.
Эль Ниногийн идэвхжлийн жилүүдэд хүчтэй салхи, аадар, мөндөр, ган, үер, хэт халалтын нөлөөгөөр үүсдэг аюулт үзэгдэл, ослын давтамж эрс нэмэгддэг, мөн элдэв шавжийн нүүдэл, тархалт ихсэх, мал, амьтны халдварт өвчин гаарах дам нөлөө ч илэрдэг аж. Монгол оронд сүүлийн жилүүдэд тохиож буй ган, зуд, гэнэтийн бороо, хүчтэй салхи шуурга зэргийн шалтгаан нь энэ юм байна. Өвөл, зуны улирлын үндсэн шинж алдагдаж, уур амьсгал нь өөрчлөгдсөн нь ч үүнтэй холбоотой гэнэ.
Дэлхийн цаг агаарын шинжилгээний агентлагийн судлаачид дулаарлаас үүдэлтэй аюулт үзэгдэл, гамшиг, ослын хор хохирлыг гурван хүчин зүйл үлэмж нэмэгдүүлж, хүн төрөлхтнийг эмзэг, сул дорой болгож байгааг онцолжээ. Нэгдүгээрт, гамшгийн сэрэмжлүүлэг хангалтгүй байдал. Хоёрдугаарт, хот, суурин газарт хангалттай хэмжээний ногоон байгууламж, ургамал байдаггүй нь. Гуравдугаарт, барилга, байгууламжийн муу төлөвлөлт. Гамшиг, эрсдэлд туйлын эмзэг бид үүнийг анхааралдаа авч, бэлэн байдлаа хангавал зохистой.