“Алтай” хотхон болон “Нарны хороолол”- ыг холбосон гүүрэн гарцыг өнгөрсөн баасан гарагт нэлээд сүржнээр нээж, тууз хайчлахаа шахав. Холбогдох албаныхан, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хүртэл оччихсон, гавьяа байгуулсан мэт “Гүүрийг албан ёсоор нээлээ” хэмээж байлаа. Гэтэл төд удалгүй буюу нээлт хийснээс хойш гуравхан цаг өнгөрч байтал өнөөх гүүрний доогуур том оврын автомашин гарч чадалгүй гацаж, улмаар тухайн хэсгийн замын хөдөлгөөн саатахад хүрсэн юм. Ослын улмаас нэг хүн гэмтсэн байна.
Холбогдох албаныхан ослын буруутан нь өнөөх том оврын автомашин гэв. Тухайлбал, “Стандартын бус өндөртэй автомашин гүүрний доогуур явснаас болж осол гарсан” хэмээх агуулга бүхий тайлбарыг цагдаагийн байгууллагынхан өгч байлаа. Ерөөсөө төрийн байгууллагынханд буруу огт байхгүй, иргэд л дандаа хэрэг тарьдаг мэтээр албаныхан байнга ярьдаг нь жишиг болжээ. Дээрх осолд ч тухайн автомашин, жолоочийг нь буруутгаад өнгөрөх бололтой. Ямартай ч цагдаагийн байгууллагынхан ослын шалтгаан нөхцөлийг шалгаж, тодруулахаа мэдээлсэн.
Харамсалтай нь, сүр дуулиан болгоод буй гүүрэн гарц анхнаасаа л асуудал дагуулж, иргэдийн шүүмжлэлд өртөж байв. Тухайлбал, гарцын бодит байдал нь зураг төслөөсөө тэнгэр, газар шиг ялгаатай байгаа юм. УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хэлснээр бол аль эрт 2021 оноос зураг төслийг нь боловсруулсан гэнэ. Ингээд барих ажлынх нь төсөвт өртөг нь 1.5 тэрбум төгрөг гарсан аж. Гэсэн ч гүйцэтгэгч компанийнхан нь хэмнэсээр 1.2 тэрбумаар барьсан юм байх. Бас “Орой гэрэл асдаг. Лифт нь удаан эдэлгээтэй” гэх мэтээр сурталчлахаа ч мартсангүй. Нээлтийн үеэр албаныхан энэ мэтээр хосгүй бүтээн байгуулалт хийсэн мэтээр ярьсан ч эцэстээ ганц л “шалгалт”-д бүдэрлээ.
Манай хот уг нь метротой болох төлөвлөгөөтэй. Гэтэл нүхэн, гүүрэн гарц ч барьж чадахгүй хөглөсөөр байна. Яармагийн нүхэн гарцыг хоёр жил барьж, арайхийн ашиглалтад оруулсан. Гэтэл одоо ч асуудал дагуулсан хэвээрээ. Тухайлбал, байсхийгээд л усанд автдаг, эсвэл аль нэг хэсэг нь эвдэрч, гэмтдэг. Бас арайхийн нэг гүүрэн гарц барьсан чинь нээсэн өдрөө л тараа таниуллаа. Ийм хотод метротой болно гэж мөрөөдөхөд ч бэрх байна.
Бэлтгэсэн: М.Оч