Идэр дөрвөн есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн чиглэлүүдийг бужигнуулах шийдвэр гаргасан нь улаанбаатарчуудын уурыг барж, стресс бухимдлыг нь “өрдлөө”. Тодруулбал, нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлийг энэ сарын 20-ноос мөрдүүлж эхэлсэн юм. Ажлын өдрүүдэд автобусанд багтахгүй, суулаа ч түгжрээд хөдөлдөггүй зэргээр иргэд шүүмжилдэг. Гэтэл дээрх шийдвэр дарин дээр давс гэгч нь болов. Иргэд шинэчлэлийг хэрхэн хүлээн авч буйг сурвалжиллаа.
ГЭНЭТИЙН ШИЙДВЭР НЬ ХҮМҮҮСИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭВ
Нийтийн тээврийн шинэчилсэн бүх чиглэлийн мэдээллийг автобусны буудлуудын самбарт байршуулжээ. Өндөр настнууд, хараа муутай хүний хувьд явах чиглэлээ олох нь өвсөн дундаас зүү хайхтай адил аж.
Суух автобусаа олохын тулд тэрхүү шинэчилсэн чиглэл гэсэн нэртэй 74 хэсэг бүхий “ном”-ыг унших шаардлагатай болно. Эрэл хайгуул хийх хооронд автобус нь яваад өнгөрөх нь ч бий. Зарим иргэн самбарыг харчхаад “Солиотой юм бэ” гэх нь ч байв. Энэ нь зөвхөн ганц автобусны буудлаас харж болох үйл явдал биш ээ. Өөрөөр хэлбэл, автобусны буудлуудад бүх чиглэлийн мэдээллийг нэгтгэн байршуулснаас түүнээс өөрт хэрэгтэйг олж харахад хэцүү болгожээ.
Хэтэрхий олон мэдээллийг нэг дор харуулсан нь математикийн “хүрд”-тэй адилхан харагдана. Үүний талаар иргэд “Чиглэлийг шинэчилсэн өдрийн өглөө мэдээллийн самбарыг хэчнээн хараад ч явах автобусныхаа дугаарыг олоогүй. Ядаж өмнөх шигээ зөвхөн тухайн буудалд ирэх автобусны чиглэлийг байрлуулмаар байна” гэв. Бүх чиглэлийг самбарт багтаахын тулд бичвэрийн хэмжээг жижгээр хэвлэжээ. Олонх иргэн өөрт хэрэгтэй чиглэлээ олохын тулд эхнээс нь унших шаардлага тулгарсан гэнэ. Мөн харанхуйд самбар дээрх мэдээллүүд харагдахгүй тул гар утасныхаа гэрлийг тусгаж байж л уншихаас өөр аргагүйд хүрчээ. Харин албаныхан “Ирэх долоо хоног гэхэд тухайн автобусны буудал дээр ирэх нийтийн тээврийн мэдээллийг л байршуулах буюу өмнөхтэй нь адил зохицуулалт хийнэ” хэмээн тайлбарласан. Уг нь тэд анхнаасаа л ийм зохицуулалт хийх ёстой байв. Үүнд зориулж дахиад л мөнгө үрэх нь.
Нийтийн тээврийн ихэнх чиглэл МУИС-ийн автобусны буудлыг дамжин өнгөрдөг гэхэд хилсдэхгүй. Харин шинэчлэл хийснээр үүгээр дамжин өнгөрдөг автобусны тоо цөөрчээ. Тэрхүү автобусны буудалд очоод 30 минут болоход 2-3 автобус л ирэв. Зарим хүн залхсан бололтой алхахаар шийдэж байлаа. Амралтын өдөр тулдаа л автобус хүлээж зогсох хүн цөөн байв.
Автобусны чиглэлийг өөрчлөх талаарх мэдээллийг энэ сарын 19-нд иргэдэд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлж эхлэхийн өмнөх өдөр нь л олон нийтэд “хэлсэн” гэсэн үг юм. Үүнд нь иргэдэд дургүйцэхэд албаныхан “Бид сар гаруйн өмнөөс иргэдэд танилцуулсан. Иргэд л мэдээлэлтэй танилцаагүйгээс ийм нөхцөл байдал үүслээ” хэмээн биднийг буруутгалаа. Өвлийн улирал, тэр тусмаа хүйтний эрч эрс чангарсан үед иргэдийг ийнхүү төөрүүлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Яагаад ингэв хэмээн асуухад өгөх бэлэн хариулт ч дарга нарт байв. Тухайлбал, “Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу замын хөдөлгөөний ачаалал бага үед энэ шийдвэрийг хэрэгжүүлснээр ирэх долоо хоног гэхэд жигдэрнэ гэж үзэж байна. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэнэ” гэж нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг хэлэв. Гэтэл хэрэгжүүлж эхэлсэн өдөр нь буюу энэ сарын 20-нд замын хөдөлгөөнд 370 000 орчим тээврийн хэрэгсэл оролцсон байна. Бусад өдөр дунджаар 230 000 тээврийн хэрэгсэл зорчдог гэнэ. Гэтэл тооцоолоогүй өөрчлөлт гарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн нь Цагаан сарын баяр ойртож буйтай холбоотойгоор зах, худалдааны төвийг зорих иргэд олширсноос шалтгаалсан гэж Нийтийн тээврийн газрын удирдлагууд тайлбарлав. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын баяртаа бэлдэж явсан иргэд буруутай болж таарсан юм.
“ЭНЭ МАРШРУТЫГ ГАРГАСАН ХҮН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ХЭЗЭЭ Ч ҮЙЛЧЛҮҮЛЖ ҮЗЭЭГҮЙ БИЗ”
Нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэхдээ богино эргэлтүүдийг бий болгосон. Ингэснээр зорчигчдын автобус хүлээх хугацааг багасгах, түгжрэлийн үед тээврийн хэрэгслүүд замынхаа нэгталд бөөгнөрдгийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой гэж албаныхан шийдвэрээ өмөөрөөд байгаа. Харин иргэд “Ийм шийдвэр гаргасан хүмүүс нь нийтийн тээврээр зорчдоггүй болохоор л “хөрсөнд” буухааргүй зүйл хийлээ. Бодит байдалд автобус хүлээх цаг багассангүй. Харин ч өвлийн хүйтэнд удаан хүлээж байна” хэмээн шүүмжлэв.
Богино эргэлтүүд бий болгосноор зорчигчид хүрэх газраа очихын тулд 2-3 дамжих шаардлага тулгарчээ. Уртын ганц чиглэл байгаа нь Таван шар-Офицеруудын ордон юм. Энэхүү маршрутаар М:1 дугаарын автобус иргэдэд үйлчлэхээр болжээ. Нэгэн иргэн “Төвийн чиглэлийн автобуснууд өглөө, оройдоо л ачаалал ихтэй байлаа. Гэтэл чиглэл өөрчилснөөс хойш аль ч үед ачаалал ихтэй байдаг боллоо. Бүр эхний буудалдаа л зорчигчдоо багтааж чадахгүй байна. Сургуулийн хүүхэд, оюутнуудын хичээл эхлэхээр нөхцөл байдал улам хүндрэх нь. Өнөө өглөө (өчигдөр) гэхэд автобусны буудалд бухимдсан, төөрөлдсөн хүмүүс дүүрэн байна. Уг нь зорчигч харьцангуй цөөрдөг амралтын өдөр шүү дээ. Иргэдээсээ судалгаа авч, амьдралд ойр шийдвэр гаргамаар юм. Энэ маршрутыг гаргасан хүн хэзээ ч нийтийн тээврээр зорчиж үзээгүй биз. Нийтийн тээврийн газар луу залгахаар утсаа ч авдаггүй” хэмээлээ. Бас нэгэн иргэн “Нийтийн тээврийн чиглэлийг шинэчилснээр зорчих автобусаа олоход хүндрэлтэй болсон. Ажлаасаа хоцрохгүйн тулд хүйтэнд аргагүйн эрхэд алхлаа. Ямар автобусанд суухаа одоо ч мэдэхгүй байна. Эрс өөрчлөлтийг нэг л өглөө гэнэт хийсэн нь учир дутагдалтай” гэв.
Эл шийдвэрээ танилцуулахдаа дарга нар “Бид олон жилийн судалгаа, шинжилгээнд үндэслэн уг зохицуулалтыг хийлээ” гэж хэлсэн. Гэвч ямар ч судалгааны дүгнэлт, баримтыг дурдаагүй юм. Нийслэлд Монгол Улсын хүн амын тал орчим хувь нь амьдардаг. Тиймээс олонхыг хамарсан шийдвэр гаргахын өмнө урьдчилсан байдлаар иргэдээс санал авах ёстой байв. Гэтэл санал огт аваагүй бөгөөд харин иргэд бухимдаж, шүүмжилж эхлэхэд л санал авах тухай ярьж эхэлсэн нь хачирхалтай. Ниргэсэн хойно нь хашхирав гэгч нь боллоо.
“Нийтийн тээврийн маршрутыг төлөвлөхийн тулд хэн, хаанаас, хэр олон удаагийн давтамжтайгаар зорчдогийг тодорхойлох учиртай. Үүнийгээ хүн ам зүй, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж байж нийтийн тээврийнхээ сүлжээг төлөвлөвөл илүү оновчтой болно. Үнэндээ чадвар, мэдлэг дутуугаас хотын удирдлагуудын гаргаж байгаа шийдвэрүүд оновчгүй болж, иргэдэд төвөг чирэгдэл байнга учруулж байна. Аливаа шийдвэр бодит баримт, судалгаа мэдээлэлд тулгуурлаж гарвал илүү өгөөжтэй, үр дүнтэй” хэмээн байр сууриа илэрхийлэх иргэн олон байлаа. Цөөнгүй хүн “Хэн ч 40-50 минут явдаг газраа 3-4 удаа дамжин суухыг хүсэхгүй. Шинэчлэл гэж өмнөхөөс сайжруулахыг хэлдгээс биш, дордуулна гэсэн үг биш” гэж байв.
ЗАРИМ ИРГЭНИЙ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖЭЭ
Шинэчлэлийн хүрээнд хотын төв рүү орох автобусны чиглэлийг цөөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, хотын төвд очихын тулд ойролцоох автобусны буудалд буугаад алхах ч шаардлага тулгарч байгаа. “Ингэснээр төвийн хэсэг дэх түгжрэлийг бууруулах ач холбогдолтой” гэж албаныхан тайлбарласан. Тухайлбал, III, IV хорооллоос Сүхбаатарын талбай руу явахын тулд 3-4 дамжих шаардлагатай болж. Энэ талаар нэгэн иргэн “III, IV хорооллын иргэдийг гэмтвэл ГССҮТ, сэтгэцийн тулгамдсан асуудалтай болвол СЭМҮТ яваарай л гэсэн чиглэлтэй болгожээ” гэж хошигносон байв. Толгойтын эцсээс хаашаа ч явах аргагүй болжээ. Өөрөөр хэлбэл, тийш очих автобус алга. “Толгойтын иргэдийг хаашаа ч явуулахгүй гэж ийм шийдвэр гаргасан бололтой. Ямар ч чиглэлийн автобус алга. Бид хотын төв рүү орох эрхгүй юм уу даа” хэмээн цахим сүлжээнд иргэд шүүмжилж байлаа. Мөн Дэнжийн мянгын уулзвараас Баянбүрдийн тойрог руу явах автобусны чиглэл байсангүй. Энэ мэтчилэн иргэд шүүмжилсний үр дүнд Нисэх, Яармаг, ХӨСҮТ, Шар хад гэсэн дөрвөн чиглэлийг уржигдар нэмжээ.
“28 УДАА ТОЙРОХОД ЯМАР Ч ЗОРЧИГЧ СУУСАНГҮЙ”
Шадивлан-Зунжин чиглэлийн автобусны жолооч “Богино эргэлттэй болсноор гурван автобусны буудал дамжин явж байна. Энэ чиглэлээр өглөөнөөс хойш 28 удаа тойроход ямар ч зорчигч суусангүй. Хүнд хэрэггүй шугам гаргасан байх юм” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Мөн Сүхбаатарын талбайн урд хэсэгт автобусны буудал бий болгожээ. “Ингэснээр автобуснууд богино эргэлт хийж, зорчигчид нь ч дамжин суухад хялбар” хэмээн албаныхан өөрсдийгөө өмөөрсөн. Харин иргэд “Төв талбайдаа автобусны буудалтай болсноор гадаадаас нэр хүндтэй, дэлхийн хэмжээний төлөөлөгчид ирэхэд яах вэ. Төв талбай нь автобусны буудал болчихсон, иргэд нь тэнд бөөгнөрөөд, автобуснууд нь дохицгоогоод байх нь зохимжгүй” хэмээн шүүмжилсэн юм.
Мөн хуучин нийтийн тээврийн хэрэгслүүдээ хотын захын хэсгээр явуулж, шинэ автобуснуудыг зөвхөн хотын төвийн чиглэлээр л зорчуулж байна гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр өнгө, үзэмжийг бодолцсондоо л хотынхоо төвөөр шинэ автобуснуудаа явуулж байгаа хэрэг үү гэж хардахад хүргэв. Уг нь иргэн бүр л аюулгүй, тухтай тээврийн хэрэгслээр зорчих эрхтэй биш гэж үү.
АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ ХАРАХ ХОЁР АППЛИКЭЙШН АШИГЛАХ НЬ
Нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэхтэй зэрэгцүүлэн “Imap” аппликэйкшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэхүү аппликэйшнд очих газрынхаа мэдээллийг оруулахад хэрхэн хүрэх боломжтойг нь харуулна. Мөн шинэчилсэн буудлын мэдээллийг үүгээр харах нь. Түүнчлэн “Ub smart bus”-ыг ч өмнөх шигээ ашиглах боломжтой. Гэхдээ үүнийг цаашид хэрэглээнээс хасах тухай албаныхан ярилцаж буй гэнэ. Учир нь “Ub smart bus”-ын сервер БНСУ-д байршдаг тул Монгол Улсын иргэдийн мэдээллийг гадаадын оронд алдах эрсдэлтэй гэж үзсэнээс ийн шийдвэрлэхээр болжээ. Мөн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөрийг нэмэгдүүлэхээр ярьж буй бөгөөд үүнийг ойрын хугацаанд шийдэх аж.
“МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”-ТЭЙ АВЦАЛДСАНГҮЙ
Манай улс “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд гадаадын орнуудаас жуулчдыг татаж, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх төлөвлөгөөтэй. Гэтэл нийтийн тээврээ шинэчлэх нэрээр дотоодын иргэд хүртэл ойлгох аргагүй болгочихлоо. Ийм байхад гадаадаас ирсэн хүмүүс ойлгох болов уу гэдэг асуудал тулгарч байна. Гадаадын орнуудад нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг өөрийн улсын болон англи хэлээр хослуулан гаргадаг. Түүнчлэн автобусны шугамыг өнгөөр ялган, олон нийтэд ойлгомжтойгоор хүргэдэг. Харин манай хотын удирдлага л иргэдээ залхаан цээрлүүлэх арга бодож суух юм.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн