Өвөлжилт хүнд байгаатай холбоотойгоор тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан зэрлэг амьтдыг харангадах аюулаас сэргийлэх зорилгоор биотехникийн арга хэмжээг урьд жилүүдийнхээс эрчимтэй зохион байгуулж буй. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид халиун буга, бор гөрөөс нутагладаг Алаг хад, Үстийн дэнж зэрэг газарт өнгөрсөн амралтын өдөр 200 кг хужир байршуулжээ. Хоёр цэгт биотехникийн арга хэмжээ зохион байгуулах үедээ нийт 15 байршилд 44 бүл согоо, 10 буга, хоёр бор гөрөөс бүртгэсэн аж. Тус бүсэд одоогоор цасны зузаан тал газраараа 30, ойн хэсгүүдэд 60 см байгаа нь туруутан амьтад нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх, хоол тэжээлээ олж идэхэд ихээхэн бэрхшээл учруулж буй гэнэ. Мэргэжилтнүүд амьтдад идэш тэжээл дөхүүлээд зогсохгүй тархац нутагт нь хяналт шалгалт хийж, тэдгээрийн бэлчээрийг шахахгүй, цаг хүндэрсэн үед тусламж үзүүлэхийг орон нутгийн иргэдэд зөвлөжээ.