Манай улс БНХАУ-ын “Yutong bus” компаниас нийтийн тээврийн 600 автобус авахаар болсон билээ. Тэдгээр автобусыг үе шаттайгаар татан авч байгаа юм. Үүнээс зургаадугаар ээлжийн 25 автобусыг татан авах явцад буюу энэ сарын 20-нд осол гарч, хоёр хүн амь үрэгджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан шинэ автобус “Альфард” загварын машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас суудлын машинд байсан хоёр хүн амиа алджээ. Мөн автобусны жолоочийн биеийн байдал хүнд байгаа аж. Үүний шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж буй бөгөөд орон нутгийн зам дагуух хэсгүүдэд цас орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан, бас халтиргаа үүссэн нь осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй гэнэ.