Нийтийн тээврийн чиглэлийн давхцлыг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд богино маршрутыг бий болгож, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Шинэ чиглэлтэй холбоотой иргэдийн байр суурь ихэд бухимдалтай байна. Үүнтэй холбоотой нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагын төлөөлөгчид мэдээлэл хийж, нийтийн тээврийн салбарт бугшсан асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байгаагаа илэрхийллээ.
П.Чинзориг Нийслэлийн Засаг Даргын орлого “Нийтийн тээврийн салбар жижиг эрх ашигт хүлэгдсэн байна. Эхний ээлжинд давцхлыг шийдвэрлэхээр дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа энэ үед автобусны чиглэлийг өөрчлөх шийдвэрт хүрсэн. Энэ талаар сарын өмнөөс мэдээлж байгаа ч иргэд нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Өмнө нь хэчнээн хүн тээвэрлэх нь чухал бус нийтийн тээвэрт олгодог татаасыг авахын тулд компаниуд давхцсан чиглэлүүдэд анхаардаггүй байж. Тиймээс маршрутыг зөв болгохын тулд зургаан гол чиглэлийг бий болгож, бусад чиглэлийг дамжин суух байдлаар ашиглана. Шинэ чиглэлийг тогтоохдоо Замын хөдөлгөөний удирдах төвийн мэдээлэлд үндэслэн гаргасан. Мөн өнөөдөр автобус эргэдэг уулзварууд бага байна. Зарим депо, газрууд эзэнтэй ч болсон учраас шинэ чиглэлийг замын нөхцөл байдалтай уялдуулан гаргасан. Энэ төлөвлөлтөд шилжихээс өөр гарц үгүй. Автобусны чиглэлтэй холбоотой нэлээд шүүмжлэл ирсэн учраас дамжин суух тал дээр цаашид онцгой анхаарна. Сайжруулалт хөгжүүлэлт хийнэ” гэлээ.
Автобусны шинэ маршрутаар Нисэх, Яармагийн иргэд хэрхэн Таван шар орох ойлгомжгүй байсан. Энэ мэт асуудал дагуулсан дөрвөн чиглэлд нэмж өөрчлөлт оруулжээ.
НТГ-ын Сүлжээ төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа “М4 чиглэл гэхэд зорчигчдын дамжин суух нөхцөлийг бүрдүүлж, Гэмтлээс Энхтайваны өргөн чөлөө хүртэл явна. Өөрөөр хэлбэл, Шархад-Гэмтлийн эмнэлэг-Саппоро-Цамбагарав гэсэн чиглэлээр явна. Ү10 Нисэх, Яармаг, Буян-Ухаа орчмын иргэдийн зорчих эрэлтийг нэмэгдүүлэх үүднээс Таван шар хүртэл явуулахаар болсон. Ү9 нь Яармагийн эцсээс ТЭЦ4-Гуравдугаар эмнэлэг орно. Харин Ү5 нь Энхтайваны өргөн чөлөөнөөс Намъянжүгийн гудамж руу суух зай хол байсныг Тоосгоны үйлдвэрээс Токиогийн гудамжаар дамжуулан Энхтайваны өргөн чөлөөгөөр Зүүн дөрвөн зам орж, Халдварт руу очихоор болсон” гэв.