Монгол хүн Цагаан сарын шинийн 1-нд ургах нарыг харах гэж үүрээр уул барааддаг шиг Оросууд нэгдүгээр сарын 19-нд буюу Есүс Христийг загалмайлсан баяраараа мөстэй усанд шумбадаг аж. Монгол дахь оросууд эл баяраа жил бүр тэмдэглэдэг бөгөөд энэ жил Адам Евагийн хөшөөний дэргэдэх Туул голын харзны мөстэй усанд орлоо.
Монгол Улсад Үнэн алдартны шашин дэлгэрсний 160 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамныхан эл үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгсөн байна. Харзны усанд орсноор байгалийн эрчим хүчээр өөрийгөө цэнэглэх, муу хортой бүхнээ гадагшлуулах, биеэ ариусгах нөлөөтэй хэмээн бэлгэшээдэг аж. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх, агаарын цэргийн аташе, хошууч генерал Павел Владимирович Петрунин, Хэвлэл олон нийттэй харилцах атташе Татьяна Михайловна Сятчихина болон холбогдох албаны хүмүүс Монголд ажиллаж амьдардаг нутаг нэгтнүүд оролцож баяраа хамт тэмдэглэв. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын алба мөстэй усанд орох бэлтгэл хангаж оролцлоо.
Харзны усанд орсон тэд сэтгэгдлээ хуваалцлаа.
ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай “Онцгой байдлын алба хаагчид аль ч улс оронд ослын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж оролцдог. Ямар ч улсын шашин, соёлын уламжлалт зан үйлийг хүндэтгэдэг тул энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцлоо. Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчдын хувьд байнгын бэлэн байдлын бэлтгэл хангадаг учраас мөстэй усанд орох нь бидний бэлтгэлийн нэгээхэн хэсэг юм. Усны температур 2-3 градус гол ус хайлмагтсан байна. Иргэд цаг агаар дулаарч буй үед мөс цөмрөх, гол усны аюул ослоос сэрэмжлэх, найдвартай гарам гарцаар явах хэрэгтэй. Уг арга хэмжээнд Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн аврагчдаас бүрдсэн 10 гаруй аврагч оролцлоо” гэв.
Гэгээн Троицкийн сүмийн ширээн лам Антон “Үнэн алдартны шашин Монголд дэлгэрээд 160 жил болж байна. 1864 онд Өргөө хот дахь Оросын Консулын газрын дэргэдэх сүмд анх удаа Үнэн алдартны залбирал үйлдсэн бөгөөд тэр цагаас хойш Монголд Үнэн алдартны лам нар болон сүсэгтэн ирэх болсон” гэлээ.
ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе П.В.Путренин “Өнөөдөр шашны маш чухал баяр тохиолоо. Иоанн-загалмайлагч Есүс Христийг Йордан голын усаар угааж, загалмайлсан өдөр билээ. Харин сүсэгтэн олон бидний хувьд харзны усанд биеэ угааж, итгэл үнэмшилдээ үнэнч гэдгээ харуулах өдөр. Миний хувьд баярын өдөр харзны усанд ордог болоод их удаж байна. Монголын үзэсгэлэнт байгаль бидэнд хамгийн сайхан, таатай орчныг бүрдүүлж өглөө. Шашин нэгт ахан дүүстэйгээ сэтгэл санаагаараа нэгдээд, сэтгэгдэл үнэхээр өндөр байна” хэмээн ярив.
Н.Халиунаа