Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татаад байгаа билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.
Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татсан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн аж.
Тус шүүхийн эрүүгийн хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09 цагт товлон зарласан боловч нэр бүхий гэрчийг шүүх хуралдаанд албадан оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарласан боловч нэр бүхий гэрч нар хуралдаанд ирээгүй байх бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчид “...Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах, гэрчийг албадан ирүүлэх талаарх шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг дахин хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан.
Шүүх өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж, нэр бүхий гэрчийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх шийдвэрийг дахин гаргаж, гэрч нарыг хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч Б.Энх-Амгаланд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.