Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтэн Б.Гантулга, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор, профессор С.Гомбобаатар, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Наранбаатар тэргүүтэй эрдэмтэд хамтран монгол бөхөнгийн нүүдэл, шилжилт хөдөлгөөний холбоос нутгийн тухай өгүүлэл бичиж, “Springer”-т нийтлүүлжээ. Энэ нь манай улсын судлаачид гадаадын эрдэмтдийн оролцоогүйгээр бөхөнгийн судалгааг бие даан хийж, олон улсын нэр хүндтэй, мэргэжлийн сэтгүүлийн цахим санд нийтлүүлсэн анхны тохиолдол юм байна.
Өгүүлэлд “Энэ нь Баруун Монголд тархсан монгол бөхөнгийн холбоос нутгийн анхны цогц судалгаа юм. Бөхөнг хамгаалахын тулд одоо байгаа, ирээдүйд барихаар төлөвлөж буй шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй болгох, бэлчээр нутгийн давхцлыг арилгах, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатай. Засгийн газар бөхөнгийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх, саад учруулахгүй байх аюулгүй коридор байгуулах зайлшгүй шаардлагатай” гэжээ.