Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс Говийн их дархан цаазат газрын А хэсгийн орчны бүсэд хамаарах хоёр аймгийн таван сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг өгчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтайн Алтай, Цогт, Эрдэнэ сумын сургуульд сандал, ширээ, олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж, зөөврийн компьютер, ухаалаг самбар, зургийн аппарат, номын шүүгээ зэргийг олгосон байна.
Энэхүү санаачилга нь тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд хамаарах сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааныхан онцлов. Баянхонгор, Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар төслийнхнийг дэмжин, хамтран ажиллажээ.
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн хүрээнд улсын тусгай хамгаалалттай 18 газрын орчны бүс дэх 13 аймгийн 75 сургуульд сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж олгохоор төлөвлөжээ. Ойрын өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн 40 сумын сургуульд дээрх хэрэгслийг хүлээлгэж өгөх нь.