Уулзалтаар Монгол орны газар ашиглалтын салбараас ялгарах хүлэмжийн хий, хөрсний органик нүүрстөрөгчийн тархац, нөөц, хээрийн бүсийн ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүн, түүнд нөлөөлөх хүчин зүйл сэдвээр холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын зарим үр дүнг сонсон харилцан санал солилцлоо.
Хурлын эхэнд Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам Хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхэд бэлчээрийн зохистой ашиглалт, ургамлан нөмрөг, ургамлын олон янз байдал чухал үүрэгтэй бөгөөд бэлчээрийн менежментийг сайжруулснаар бага зардлаар их хэмжээний нүүрстөрөгчийг шингээх, хадгалах боломж байгааг онцлон тэмдэглэж, цаашид энэ тал дээр Шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын судлаачид Цэвдэгт агуулагдах хүлэмжийн хий нь агаар мандлаас 2 дахин их буюу 1300-1600 Pg байдаг бөгөөд, 2020-2023 онуудад цэвдэг, хүлэрт намаг бүхий газарт хийсэн судалгаагаар 600 цэгт карбоны шингээлтийг тооцон манай орны цэвдэг агуулагдах хүлэмжийн хий 13.14 Pg болохыг тодорхойлсон байна.
Мөн тус хүрээлэнгийн Хөрс судлалын салбараас хийсэн судалгаагаар манай улс хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцөөр дэлхийд 14 дүгээрт эрэмбэлэгдэж байгааг дурдаж, 90 гаруй жилийн хугацаанд хээрийн хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц 30 см хөрсөнд 16.5%, сүүлийн 30-40 жилийн хугацаанд 5 см-ын гүнд дунджаар 51.5% тус тус буурсан болохыг тогтоосон байна.
Судлаачид цэвдэг, хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийн 50 хувь нь алдарч байгаа гол шалтгаан нь Уур амьсгалын өөрчлөлтөөс илүү малын тоо толгойноос хамааралтай болохыг онцоллоо.
Хурлын төгсгөлд БОАЖЯ-наас Монгол орны онцлогт тохирсон хөрсний хүлэмжийн хийн шингээлт тооцох аргачлалыг хамтран боловсруулах, цэвдэг, хөрсний органик нүүрстөрөгчийн алдралын сөрөг үр дагаврыг малчдад таниулах чиглэлээр болон бусад шаардлагатай байгаа судалгааны ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан ойлголцолд хүрэв.