Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд танилцууллаа. Танилцуулгад дурдсанаар нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг том хүн 600 болон 1000, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ. Нэг удаагийн энэ төлбөрөөр өдөрт 4 удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх бүрдэнэ. Улмаар иргэнд ирэх төлбөрийн ачаалал буурна, мөн хэмжээгээр нийтийн тээврийн салбарын алдагдал буурна гэж тооцож байгаа юм.
Товчхон:
- Нийслэлийн зам талбайн цэвэрлэгээний тариф 1 м/кв нь 50 төгрөг байгааг 70 болгон нэмэгдүүлэхээр танилцууллаа. Ийн нэмэгдүүлж байгаа нь шатахууны үнийн өсөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан өөрчлөлт юм.
- Монгол улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийг ойг тохиолдуулан Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас Нийслэлийн ИТХ-д, Монгол улсын Гадаад харилцааны яамнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Улаанбаатар хотын аль нэг гудамжийг Лондон хотын нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлсэн байна. Улмаар Баянгол дүүрэг 26-р хороо, Нарны гүүрээс зүүн тийш Нарны хорооллын дагуу, Чингисийн өргөн чөлөөний доогуур зүүн тийш Нарны замын нүхэн гарц хүртэл 1,8 км авто замыг Лондонгийн гудамж хэмээн нэрлэхээр төлөвлөж байна.
- Чингис хааны есөн өрлөгийн нэг Урианхан овгийн Хабаны хөвүүн Сүбээдэй баатрын мэндэлсний 850 жилийн ой 2025 онд болно. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шагайн харвааны зүүн тал, Нийслэл хүрээ өргөн чөлөөнөөс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талаар Махатма Гандигийн гудамж хүртэл 0.5 км авто замыг Сүбээдэй баатрын гудамж хэмээн нэршүүлэх саналыг тус тус ирүүлжээ.
- Нийслэлийн төвийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийн хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, Богд уул мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд хамрагдсан. Мөн СХД-ийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Шар цэрэгт” гэх газрын хориглосон бүсийн хязгаарыг нэмэгдүүлэх санал гаргасан юм. Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлүүлэх журмыг танилцууллаа. Эдгээр болон бусад асуудлыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.