Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” санаачилга, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгох зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банк, БОАЖЯ хамтран “Хөх баавгай Хөвсгөлд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй. Талууд Монгол орны аялал жуулчлалын гол бүс болсон хоймор нутагт байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх суурийг тавьж, орон нутгийнхны амьжиргааг дэмжих чиглэлд анхаарч ажиллана хэмээн онцолсон бөгөөд иргэд, олон нийтийн санал хүсэлтийг чухалчлахаа дурдсан юм.
Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид өчигдрөөс Хөвсгөл аймгийн сумуудад санал солилцох, төлөвлөгөө, зорилтоо танилцуулах уулзалт зохион байгуулж эхэлжээ. Арбулаг, Баянзүрх сумаас эхлүүлсэн уулзалт өнөөдөр Улаан-Уул, маргааш Цагааннуур, Ренчинлхүмбэ, нөгөөдөр Ханхад үргэлжлэх бол 26-нд Түнэл, Алаг-Эрдэнэд өндөрлөх аж. Энэ үеэр Ойн болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мөн санал авч байгаа гэнэ.