Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах үндсэн эрх зөрчигдсөн учир нөхөн олговор олгохыг Засгийн газраас шаардахаар болжээ. Хүний их эмч, анагаах ухааны доктор Г. Ууганцэцэг, анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар өнөөдөр энэ талаараа “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Тодруулбал, их эмч Г.Ууганцэцэг “Шүүхэд хандах болсон үндэслэлээ дурдья. Монгол Улс агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг. Шахмал түлшний барьцалдуулагч ямар ч стандартгүй, шатаагаад гарсан утааны найрлагыг судлаагүй учир бид ямар агаараар амьсгалж байгаагаа мэдэхгүй байна. Энэ судалгааг Засгийн газар болон “Тавантолгой түлш” ХХК -ийнхан хийх ёстой. Бид Засгийн газраас мэдэх эрхийнхээ дагуу үүнийг шаардах эрхтэй. Угаарын хийгээр амьсгалж, өдөр бүр архаг хордлогод өртсөнөөр эрүүл мэнд, амьсгалын тогтолцоо сүйдэж байна. Мөн агаарын чанарын индексийг мэдээлдэг agaаr.mn сайтын мэдээлэл бодит бус, хүртээмжгүй. Учир нь шүүх шинжилгээний статистикт мэдээлснээр сүүлийн долоон жилийн хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогод өртөж нас барсан гэж бүртгэгджээ. Шахмал түлш ашигласан жилүүдэд нас баралт нэмэгдсэн нь харагдаж байна. Тиймээс угаарын хийн хордлогод өртөж нас барсан болон эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох ёстой” гэв.
Угаарын хордлого тархинд нөлөөлж мартамхай болох, ой санамж муудах гэх мэт үр дагаварт хүргэдэг аж. Тухайлбал, манай улсын тав хүртэлх насны хүүхдүүдийн эрүүл мэнд, нас баралтын шалтгааныг амьсгалын замын өвчлөл тэргүүлж буй. Улмаар өвлийн улиралд хүүхэд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн эмчилгээнд дунджаар 200-300 мянга, өвлийн турш 1-1.2 сая төгрөг зарцуулдаг. Эмч нар энэ мөнгөн дүнтэй дүйцхүйц нөхөн олговрыг 0-5 насны бүх хүүхдэд олгохыг шаардаж, нэхэмжлэл гаргаж байгаагаа ийн мэдээллээ.
Анагаах ухааны эрх зүйч Э.Ганбат шүүхэд гаргах нэхэмжлэлийнхээ талаар “Бидний гаргах нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль болон бусад олон улсын гэрээ конвенцад “Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана” гэж заасан ч бодит байдалд эрхээ эдэлж чадахгүй байна. Агаарын бохирдлоос болж хамгийн ихээр хохирсон нь хүүхдүүд. Тиймээс эхний ээлжид хүүхдүүдэд нөхөн олговор олгохыг шаардана” гэж мэдээллээ.
Бэлтгэсэн Н.Халиунаа