“Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг албан тушаал эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж, их хэмжээний мөнгө угаасан” хэмээн Murch.mn сайтын сэтгүүлчид мэдээллээ. Тодорхой хэлбэл, 94.9 тэрбум төгрөгийн зээл, тендерийг хамаарал бүхий компаниудаараа авсан байж болзошгүй баримтуудыг тэд дэлгэв. Улмаар баримтад түшиглэн Х.Болорчулууныг сайдын албанаас огцруулахыг шаардаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээ илэрхийлэв.
Murch.mn сайтын сэтгүүлчид баримтуудаа хуулийн дагуу төрийн болон бусад нээлттэй мэдээллийн сангаас авсан гэв.
Тус сайтын эрхлэгч Х.Ган-ялалт “Х.Болорчулуун нь 2012 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдож, өөрийн хамаатнуудаар дамжуулан хамаарал бүхий компаниудаараа мөнгө угааж ирсэн. Наад захын баримт дурдахад “Саруул өргөө констракшн” ХХК-ийн тендерээр авсан 86 тэрбум 634 сая 500 мянган төгрөгийн задаргаа бий. Мөн “Дорнод гурил” ХХК Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан ч төлөөгүй. Цаашлаад эдгээр компаниуд Дорнодын жижиг, том ихэнх тендерийг авсан нь албан тушаалаа урвуулсан хэмээн хардах үндэслэл. Х.Болорчулууны төрсөн дүү нар болох Х.Болор-Эрдэнэ, Х.Болорчимэг, Х.Болорбаатар, Х.Болоржаргал, Х.Болорсүрэн, Х.Болор, Х.Болормаа, Х.Болорцэцэг нар дээр дурдсан компаниудад хувьцаа эзэмшдэг, бусад үйл ажиллагаа явуулж, төрөөс зээл аваад төлөлгүй орхидог ч тендерт байнга ялдаг. Үүнд 11 компани байгаа бөгөөд түүний хамаарал бүхий субъектуудын төрд төлөөгүй өр 678 сая 786 мянгад хүрсэн. Дүү нараар зогсохгүй хүүхэд, найз нөхөд, худ ургийн сүлжээ нь “аалзны тор” мэт болжээ” гэсэн юм.
Нэмэлтээр, мөнгө угаахаас гадна гэмт хэргийн шинжтэй хүчирхийлэл гэх мэт хэргүүд ч бий. Ийм хүн биднийг төлөөлж ажилладаг нь харамсалтай. Бид Х.Болорчулууны нэр төрд халдаагүй, бодит мэдээллүүдийг ярьсны төлөө маш их дарамт шахалт ирж байна. Тиймээс Эрүүгийн цагдаагийн алба энэ хэргийг шалгахаас гадна биднийг хамгаалалтад авах шаардлагатай гэх мэдээлэл өглөө.
Бэлтгэсэн Н.Халиунаа