Нийслэлчүүдийн цагаан идээний хэрэглээний 30 гаруй хувийг дангаараа Архангай аймгийн малчид хангадаг статистик бий. Архангай аймгийн малчдын үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-25-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Ингэхдээ зөвхөн ааруул, ээзгий, өрөм, зөөхий, шар тос, сүү, айраг тэргүүтэй цагаан идээгээр дагнасан худалдаа явагдах юм.
Тус үзэсгэлэнд 16 сумын малчид уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүргэх гэж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй малчид “Алаг чихрийг ааруулаар сольё” хэмээн уриалж сарлагийн өрөм, ааруул, цагаан идээгээ боломжийн үнээр борлуулах аж. Архангай аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хамтран 2017 оноос жил бүр уламжлал болгон тус худалдааг зохион байгууж байна.