Манай улсын иргэд Бүгд Найрамдах Куба Улсаар дамжин АНУ руу хууль бусаар нэвтрэх оролдлого хэд хэдэн удаа гарч, Куба Улсын хилийн албаныханд саатуулагджээ. Тухайлбал, Улаанбаатар-Истанбул-Хавана чиглэлийн нислэгээр Куба Улсад очиж, АНУ руу завиар гаргана гэх хүмүүст хууртагдаж, хил давах гэж байгаад баригдсан байна. Тэднийг Куба Улсын холбогдох хуулийн дагуу гадаадын иргэдийг түр саатуулах газар руу явуулж, улмаар албадан буцаагсан байна. Мөн 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар-Москва-Хавана чиглэлийн нислэгээр Куба Улсад ирсэн иргэд нэг талын онгоцны тийзтэй, аялалын зорилгоо тодорхойлж чадахгүй байсан зэргээс шалтгаалан тус улсын хил дээр саатуулагдаж, албадан буцаагджээ.
Иймд, Куба Улс руу болон тус улсаар дамжин бусад улсад зорчихоор төлөвлөж буй иргэд буцах нислэгийн тийзтэй байх, зочид буудлын захиалга хийж баталгаажуулсан эсвэл тодорхой хаягтай байх, аяллын зорилгоо сайтар тодорхойлох зэрэг шаардлагыг тавьж байна. Мөн, Куба Улсаар дамжин АНУ руу хууль бусаар хил давахад зуучилна, тусална гэсэн хуурамч мэдээлэл, ийм сэдэлтэй хувь хүмүүст хууртахгүй, хууль бус үйл ажиллагаанд өртөхгүй байхыг анхаарлжээ.