Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Таван шарын автобусны зогсоолд тохилог, дулаан буудлыг байршуулсан байна. Уг автобусны буудал нь дулаан өрөө, зам, талбайн үйлчлэгч нарт зориулсан хэсгүүдтэй. Мөн хяналтын камераар гадаад, дотоод орчныг хорооны Засаг дарга, цагдаагийн албан хаагчид хянах боломжийг бүрдүүлсэн аж. Дүүргийн төсвийн хөрөнгөөр уг ажлыг гүйцэтгэсэн гэнэ.
Тухайн хэсэгт байсан 22 ТҮЦ-ийг чөлөөлснөөр жишиг автобусны буудлыг байршуулсан аж. Таван шарын автобусны буудлаар хамгийн олон хүн дамжин өнгөрдөг. Бас хамгийн олон чиглэлтэй уулзваруудын нэг юм. Сонгинохайрхан дүүрэгт ирэх дөрөвдүгээр сар гэхэд есөн байршилд автобусны дулаан буудлыг тохижуулах гэнэ. Байршлыг сонгохдоо зорчигч олноор төвлөрдөг, сургууль, цэцэрлэгтэй ойр хэсгүүд болон алслагдсан хороодын нутаг дэвсгэрийг хамруулжээ.
Бэлтгэсэн: А.Үүлэн