Улаанбаатар хот 2022 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг дангаар үйлдвэрлэж, хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Засгийн газраас энэ сарын 11-нд өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр танилцууллаа. Тус хуулийн төсөлд төсөв дагасан санхүүгийн схемийг шинэчлэн, олон улсын жишиг хотуудын эдийн засгийн хөгжилтэй ижил түвшинд хүрэх нэг чухал алхам бол хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, томоохон төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх механизм гэж Засгийн газар үзэж буй талаар онцоллоо. Тэрбээр “Монгол Улсын хөрөнгийн зах зээлд орон нутгийн болон ногоон бонд зэрэг нийгмийн, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хариуцлагатай хөрөнгө оруулагчид хангалтгүй байгааг онцлоод, нийслэлийн үнэт цаасыг өндөр өгөөжтэй өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхолтой арилжааны банкууд голчлон сонирхож байгаа талаар” мэдээлсэн юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ногоон санхүүжилтийг хөгжүүлэх чиг хандлага дэлхий даяар эрчимжиж, ийм зээл, бондын хүү энгийн бондынхоос 2.0 хувиар бага байгаа талаар дурдаж, нийслэл Улаанбаатар хотоос олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна. Ингэснээр урт хугацаатай, зардал багатай өрийн хэрэгслийг зах зээлд гаргах, төсөвт ирэх ачааллыг бууруулж, нийслэл хот хөгжлийн болон томоохон төслүүдээ санхүүжүүлэх боломж бүрдэж, улмаар гадаад валютын албан нөөц, төгрөгийн ханш болон гадаадын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлнэ гэж төлөвлөжээ.
Засгийн газраас хуулийн төслүүдийг нийслэлийн үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах эрх зүйн орчныг бий болгох, Засгийн газраас зөвшөөрсөн тодорхой төсөл, арга хэмжээ, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зорилгоор гадаадын зах зээлд үнэт цаас гаргах, хөгжлийн болон томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр зорьж байна.
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газрын баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.