Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журмын 9.1-т заасны дагуу “Голомт банк” татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар танилцуулжээ. Тус банкны татан төвлөрүүлсэн 118 815 152 890 төгрөгийн зарцуулалт дараах байдалтай байгаа аж. Үүнд үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардал 2.1, зээл олголт 116.7 тэрбум төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүрэн зарцуулсан байна. Эргэн сануулахад, “Голомт банк” 2022 оны 11 дүгээр сарын 23-30-нд хувьцааныхаа 10.09 хувь буюу 80 402 743 ширхгийг, нэгжийг нь 1285 төгрөгөөр санал болгож байсан юм. Захиалгын эрэлттэй холбоотойгоор дээрх санал болгосон хувьцааны 15 хувьтай тэнцэх буюу 12 060 411 ширхэг үнэт цаасыг нэмж гаргаж, 118 815 152 890 төгрөг (нийт хувьцааных нь 11.43 хувь) татан төвлөрүүлсэн билээ.