Осол гэмтэлтэй тэмцэх аяныг ЭХЭМҮТ-өөс өчигдөр эхлүүллээ. Энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх аяны хүрээнд сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх нь. Улсын хэмжээнд жилд дунджаар 138 мянган осол гардгийн 30 орчим хувьд нь хүүхдүүд өртдөг байна. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд өнгөрсөн онд ахуйн болон бусад төрлийн ослоор 66 хүүхэд амиа алдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өдгөө үргэлжилж буй. Амралтын хугацаанд гэртээ асран хамгаалагчгүй үлдсэнээрээ тэд ахуйн хүрээний осолд өртсөн гэх дуудлага ГССҮТ-д ирэх нь ихэссэн гэнэ. Мөн цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Бэлтгэсэн: А.Үүлэн