Цахим хэрэглээ өсөхийн хэрээр үүнийг ашиглан үйлддэг гэмт хэрэг эрс нэмэгдсээр байгааг ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 9870 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь тухайн жилд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 27.7 хувийг эзэлж буй бөгөөд өнгөрсөн оныхоосоо 4173-аар өссөн, 2020 оныхоос 5.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, 2020 онд энэ төрлийн гэмт хэрэг 1795 бүртгэгдсэн бол үүнээс таван жилийн өмнө 90 тохиолдол гарч байжээ.
Цахим гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ өнгөрсөн жил 139.2 тэрбумд хүрсэн нь 2022 оныхоос 7.5, 2020 оныхоос 141.3 дахин өссөн үзүүлэлт болжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн 2018 онд хагас тэрбум төгрөгийг давсан бол үүнээс хойш хурдацтай өссөөр 2022 онд 18.5, энэ жил 139.2 тэрбумд хүрэв.
Төрлөөр нь ангилбал цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татах, сурталчлах, залилах гэмт хэрэг зонхилж буй аж. Цахим мөрийтэй тоглоомоос болж өнгөрсөн онд найман хүн амиа алдсан, мөн гэмт хэрэг үйлдэх зорилгоор 400 мянга гаруй хуурамч хаяг нээсэн байж болзошгүйг тогтоожээ. Иймд цаг тутам цахим гэмт хэрэг үйлдэгдэж буйг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж, мэдээллийн аюулгүй байдлаа ханган, хянамгай байхыг зөвлөв.
Бэлтгэсэн: Н.Мишээл