“Монгол хэл бичгийн асуудал, шийдэл үндэсний чуулган” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Чуулганд Их дээд сургууль, судлаачдын төлөөллөөс гадна Хэл зохиолын хүрээлэн зэрэг 40 гаруй байгууллагын эрдэмтэд, ЕБС-ын хэл бичгийн багш нар оролцож, монгол хэлний дархлаа, монгол хэл бичгийн сургалт, боловсролын чанар зэрэг өргөн агуулгаар үг хэлж үзэл бодлоо хуваалцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр мэндчилгээ дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг үндсэн илтгэл тавьсан. Тэрбээр “Үндэсний хэл бол улс орны оршин тогтнох баталгаа. Цаашид монгол хэлний толийг нэгтгэн хэвлүүлэх, хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон ном хэвлэлээр хангах, бага ангид унших, бичгийн хичээлийг заавал оруулах, эрдэмтэн судлаачдын саналыг төрөөс бодлогоор дэмжих зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Хэл бичгээ хайрлаж, хамгаалах түгээн дэлгэрүүлэх гэгээн замналыг үргэлжлэл нь энэ чуулган болж байна” гэсэн юм.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л. Энх-Амгалан илтгэлдээ 2020 онд баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3”-ын төлөвлөгөөнд тусгасан 69 зорилтоо хэрэгжүүлж буй тухай дурдав. Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрөөр 21 аймгийн нийт 48 582 албан хаагчийг анхан болон дунд шатанд сургажээ. Өнөөдрийн байдлаар бүх нийтээрээ хос бичгийг ашиглах боломжгүй ч 2025 онд уг зорилт бүрэн ажил хэрэг болох аж. Үндэсний бичгийн мэдлэгээр Говь-Алтай тэргүүлж, Баян-Өлгий сүүл мушгижээ.
Шинжлэх ухаан яаж хөгжсөн ч эх хэлийг орлуулах зүйл үгүй. Эх хэл бол улс орны оршин тогтнох дархлаа юм. Эх хэл “урт наслах” гол шалгаан нь олон хэрэглэгчтэй байх явдал. Гэтэл 20 гаруй жилийн өмнө зургаан сая гаруй монгол хэлтэн байсан бол өнөөдөр таван сая хүрэхтэй, үгүйтээ болсон нь 1990 оноос хойш гадаадад гарсан иргэдийн үр хүүхэд монгол хэлээ мэдэхгүй байгаатай холбоотой. Нөгөө талаар Монгол Улсад гадаад хэлний сургалттай сургууль олширч, зарим сургуульд монгол хэл заахгүй, монголоор харилцах орчингүй болжээ. Даяарчлагдсан нийгэмд гадаад хэл сурах нь буруу биш, гэхдээ төрөлх хэлээ эзэмшсэний дараа гадаад хэл сурсан нь зүйтэй хэмээн МУБИС-ын профессор Ц.Өнөрбаяр чуулганы үеэр ярилаа.
Түүнчлэн БШУЯ-аас хэрэгжүүлсэн Олон улсын үнэлгээний “PISA 2022”-ын үр дүнгээс монгол хүүхдүүдийн унших чадвар муу буюу хоцрогдолтой гэж гарсан. Энэ нь маш олон шалтгаантай. Тухайлбал, хөтөлбөр удаан хэрэгждэггүй, ойр ойрхон өөр хөтөлбөр явуулдагтай холбоотой гэж оролцогчид шүүмжилсэн юм.
Бэлтгэсэн Н.Халиунаа