ЕБС-ийн сурагчид өөрсдийн мэдлэгийн төвшингөө шалгах боломжтой систем буюу soril.eec.mn сайтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ. БШУЯ-ныхан энэ талаар өнөөдөр мэдээллээ. Хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгах үүднээс хэрэгжүүлж буй дээрх сайт нь долоо хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн байна. Одоогоор 1-12 ангийн математик, монгол хэл гэсэн хоёр хичээлийн сорил тус сайтад оржээ. Дөрөвдүгээр сарын 1-нд бүх хичээлийг оруулж дуусгана. Тодруулбал, системд хүүхдийн хичээлийн төвшин тогтоох анхан, дунд, ахисан шатны сорилууд багтжээ. Улмаар анхан шатны сорил дээр бага оноо авбал хоцрогдолтой хичээлээ гүнзгийрүүлэн үзэх боломжтой бөгөөд судлах хичээлүүд Medle.mn дээр гарч ирэх цогц систем юм. Сорилын үр дүнд авсан оноо хувийн хэрэг гэх мэт ямар ч бүртгэлд бичихгүй учир сурагч, эцэг эхчүүд цэвэр сайн дурын үндсэн дээр оролцох аж.
БҮТ-ийн захирал Л.Ганбат энэ талаар “Soril.eec.mn системийн гол онцлог нь хүүхдүүд өөрсдийн жилийн турш авах ёстой мэдлэг чадвараа эзэмшсэн үү гэдгээ шалгана. Энэ сайт нь бүх ЕБС-ын нэгдсэн системтэй холбогдсон учир сурагч регистрийн дугаараа оруулснаар нэвтэрнэ. Хэрвээ сурагч өөрийн төвшний ангийн анхан шатны сорил дээр хангалтгүй оноо авбал өмнөх ангийн сорил хичээлүүдийг ажиллах шаардлагатай. Ингэснээр хичээлийн хоцрогдол багасах юм. Нээлтээ хийгээд долоо хонож байхад 60,70 мянган хандалт авсан байна. Энэ бол өндөр үзүүлэлт юм” гэлээ.
Бэлтгэсэн Н.Халиунаа