Төв аймгийн хэмжээнд өвөл-хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 60 гаруй хувьд хэтэрсэн байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Түүнчлэн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Баянжаргалан, Угтаал, Бүрэн, Алтанбулаг, Лүн суманд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл үүсчээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн тоон мэдээгээр нийт 4,933,306 мал тоологдож, одоогоор 13,239 мал зүй бусаар хорогдоод байгаа аж.
Тус аймгийн хувьд хамгийн олон эрчимжсэн мал аж ахуйтай бөгөөд нийт 10 гаруй цэгт нэгдсэн байдлаар мах бэлтгэн нийлүүлж байна. Иймд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, мах бэлтгэх нэгдсэн тогтолцоог дэмжиж, чанар, стандартыг хэвшүүлэхээс гадна мал төллөлт дөхсөн энэ үед малын эрүүл мэндийг хамгаалж, мах, малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэйг тодотгосон юм.