Дэлхийн аварга, Азийн аваргын мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит алтан гранпригийн гурван удаагийн хошой аварга, Бакугийн алтангранпригийн мөнгө, Парисийн алтан гранпригийн хүрэл, Испанийн гранпригийн аварга, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга П.Орхон олимпийн эрхээд гардлаа.
Тодруулбал, энэ өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй. Улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд өрнөж, ялагчийн нэр эцсийн мөчид тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 62 килограммын жинд П.Орхон, С.Цэрэнчимэд нар өрсөлдлөө. Их шөвөгт өрсөлдсөн тэднээс эцсийн дүндээ 8:7-гор гавьяат тамирчин П.Орхон ялалт байгуулж, олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.
Мөн Индонезийн нийслэл Жакарта хотод олимпын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээнээс Монголын тамирчид хоёр мөнгөн медаль хүртэж, олимпийн хоёр эрх авлаа. Тухайлбал, тэмцээний гар бууны 25 метрийн дасгалд Э.Даваахүү мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн багийн төрөлд О.Есүгэн, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхийг Э.Даваахүү, Н.Баяраа нар авсан ба олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн буюу дэлхийн цом дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанеро хотод болох билээ.
Үүнээс гадна Олон улсын таеквондогийн холбооноос “Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг өчигдөр албан ёсоор зарлахад Монголын тамирчин Г.Болор-Эрдэнэ (63 кг), У.Сүрэнжав (52 кг) нар багтлаа. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нь ДАШТ-ий таван алтан медальтай, Азийн АШТ-ий таван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн бөгөөд паралимпийн наадамд хоёр дахиа оролцох гэж байна. Харин У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай ба паралимпийн наадамд анх удаа оролцохоор болж байна. Тэд “Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох эрхээ авсан Монголын таеквондогийн анхны тамирчид болж байгаа юм.