БОАЖЯ-наас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2024 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар зудын байдалд үнэлгээ хийжээ. Тус үнэлгээгээр найман аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байгаа бол цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтайн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна.
Харын зуд
Хүйтний улиралд удаан хугацаагаар цас огт ороогүй бөгөөд нуур, ихэнх гол мөрөн, булгийн ус хөлдсөнөөс худгийн ус хүрэлцэхгүй мал сүрэг усаар гачигдан мал олноор үхэх нөхцөл бүрэлдэхийг харын зуд гэнэ. Ийм нөхцөл манай оронд цөөн удаа тохиолдон бага газар нутгийг хамарч байснаас гадна хүйтний улиралд хэд хэдэн сараар цас орохгүй байх нь ховор тохиолддог.
Харын зуд цастай нутагт нүүдэллэж болох учир бусад зудаас бага хохирол учруулах ба дулаалж тохижуулсан худаг, булаг, харз усаар өвлийн бэлчээрийг хангасан тэр цагт бэрхшээлээс гарч болно.
Их хүйтрэх, ялангуяа эрт хүйтрэх нь харын зуд болох гол нөхцөл болдгоос гадна харын зуд болсон цагт ашиглаж байгаа цөөн харз булаг, худгийн ойролцоо олон мал цугларч, бэлчээрээс алслагдах буюу усанд туувалдаж, мал улдах, дулаан бууц, хашаа байргүй нутагт хутаглах зэргээс мал богино хугацаанд ихээхэн турах зэрэг нь байдлыг улам хүндрүүлэх ба харын зуд болсон нутагт хөрсний чийг бага байдаг учраас хавар ногоо оройтож ургах зэрэг муу нөлөөтэй болно.