Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийнхэн энэ сарын 10-ны байдлаар хийсэн зудын эрсдэлийн үнэлгээнийхээ үр дүнг танилцуулав. Үнэлгээгээр найман аймгийн 18 сум төмөр буюу шилэн, 16 аймгийн 85 сум цагаан зудын, 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу байна гэж гарчээ. Тэрчлэн цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зуншлага тааруу, гантай байсан Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумын нутгаар харын зуд нүүрлэж, өвөлжилт хүндэрч буйг онцгойлон тэмдэглэсэн байна.
Төмөр буюу шилэн зуд гэдэг нь намар орой орсон цас дутуу хайлж, мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, өвөлжөө бууц хөлдөх үзэгдлийг хэлдэг. Тэгвэл өдгөө Сүхбаатар, Өмнөговь, Увс, Архангай, Төв аймгийн сумуудад ийм нөхцөл байдал үүсээд буй аж. Ялангуяа Сүхбаатар аймагт төмөр зудын эрсдэл хамгийн өндөр байна.
Их цас, хүйтэн хоёр хавсрахыг цагаан зуд гэдэг. Одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт цагаан зудын эрсдэл өндөр буй гэнэ. Ташрамд дурдахад, энэ сарын 10-нд хийсэн хэмжилтээр Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь 1-38, хунгарласан хэсгээрээ 60 см хүртэл зузаан цастай байжээ.