Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “НВЦ”, “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа.
“НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр нэг сая толгой шувуутай. Өдөрт 600 мянган өндөг нийлүүлдэг бөгөөд дэгдээхэй бойжуулах, өндөг ангилан савлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний болон тэжээлийн үйлдвэр зэргийг цогцоор нь байгуулжээ.
2023 онд улсын хэмжээнд 500 орчим сая өндөг зах зээлд борлуулагдсаны 300 сая буюу 60 орчим хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн байна. Үүний 50 хувийг “НВЦ” ХХК дангаар бүрдүүлжээ.
Энэ жил шувууныхаа тоо толгойг 1.5 саяд хүргэж, өндөг үйлдвэрлэгч бусад аж ахуйн нэгжтэй хамтран 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг хэллээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Өндөгний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тэжээлийн технологи хариуцсан болон тэжээлийн үйлдвэрийн автомат, электрон тоног төхөөрөмжийн мэргэжилтэн дутагдаж байгааг ч хэллээ.
Мөн Монголд ургадаггүй үр тариаг гааль болон НӨАТ, өндөг үйлдвэрлэгчдийг үйл ажиллагаа нь жигдэртэл НӨАТ-аас чөлөөлөх чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв.