Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн тушаалаар “Агаарын цэргийн эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг шинээр байгуулан анхдугаар хуралдаанаа хийлээ.
Хуралдааныг Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Агаарын цэргийн эмэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудлыг сонсон эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэй алба хаагчдын талаар торгон мэдрэмж, өргөн мэдээлэлтэй байж ажилламаар байна. Тэдний асуудлын талаар удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангаснаар оновчтой шийдвэр гарна. Шийдвэрийн дагуу бодит ажил явагдана. Бусад салбар зөвлөлүүдтэй харилцан уялдаа холбоотой ажиллах хэрэгтэйн дээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус, гадаадын томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэгтэй нэгэнд насан туршийн тусламж, бодит хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тусламж, дэмжлэг гэдгийг материаллагаар ойлгож болохгүй. Хамгийн чухал нь сэтгэл зүйн дэмжлэг байдаг шүү. Зөвхөн ажиллаж байгаа алба хаагчид чиглэсэн биш тэдний гэр бүлд, үр хүүхдэд чиглэсэн ажлуудыг далайцтайгаар явуулах байх, та бүхний хатан ухаан зөвлөлийн үйл ажиллагааг зөв чиглүүлэх байх гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.
Хөтөлбөрийн дагуу эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хошууч Л.Нямцэцэг Агаарын цэргийн командлагчийн тушаал танилцуулан, зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг илтгэсэн юм. Төрлийн цэргийн командлалын хувьд командлалын хэмжээний эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулан ажиллаж байгаа анхны тохиолдол ба тус зөвлөлийн гишүүдэд харьяа ангиудын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарыг оролцуулснаараа онцлог үйл явдал болж байна.
Харилцаа ба эмэгтэйчүүдийн манлайлал сэдвээр хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах офицер лекц орсон ба “Эрх нь зөрчигдсөнийг харцнаас олж хардаг нүдтэй, чимээгүй хашхирааныг сонсохуйц сонор, тэдний өмнөөс дуугарах дуу хоолой больё. Эмэгтэйн манлайлал бус эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлье. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан манлайлагч хамт олон болцгооё” гэсэн уриалгыг дэвшүүлсэн юм.
Үүний дараа хошууч Ө.Нарантуяа 2024 онд Агаарын цэргийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажиллах журам, гишүүдийн ажил үүргийн хуваарь, зорилго зорилтыг танилцуулан харьяа анги, салбаруудаас авсан статистик судалгаан дээр үндэслэн тулгамдаж буй асуудлыг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Илтгэлийнхээ төгсгөлд “Эмэгтэй хүн биеийн хүчнээс бусад зүйлд эрэгтэйчүүдээс дутахгүй ч Зэвсэгт хүчний Агаарын цэрэгт эмэгтэйчүүдийн манлайлал үгүйлэгдэж байна. Өөрийн үзэл бодлоосоо ухардаггүй, зөв үгийг оновчтой цагт нь хэлдэг, ажлын хариуцлагатай байдал бидний чимэг байх ёстой.
Агаарын цэргийн эмэгтэйчүүдийн зөвлөл, орон тооны бус салбар зөвлөлүүдтэй хамтран үйл ажиллагаагаа уялдуулан эх орны 4 зүг, 8 зовхист үүрэг гүйцэтгэж байгаа агаарын хилчин эмэгтэй алба хаагчид, тэдний гэр бүл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, албаны хөгжил, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг судлах, хүний эрх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь бүх төрлийн ялгаварлан гадуурхал, хүчирхийлэл, дарамтын эсрэг урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна” гэж хэллээ.
Хошууч Л.САРАНЗАЯА