Улаанбаатарт метро байгуулах “үлгэр” маш эртнийх. 1983 онд Зөвлөлтийн эрдэмтэд метро байгуулах судалгаа хийн, 5 газарт цооног өрөмдөж, хөрсний шинжилгээ хийжээ. Үүний дараа ЗТЯ, БХБЯ, нийслэлийн ЗДТГ хамтран 2011 онд БНСУ-ын “Сусонг инженеринг” компаниар метро байгуулах суурь судалгаа хийлгэсэн бол урьдчилсан ТЭЗҮ-ийг нь Японы ЖАЙКА байгууллага боловсруулан, 2013 оны тавдугаар сард танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, 2011 онд Улаанбаатар хотыг метротой болгох төслийг хэрэгжүүлэхээ дарга нар амалж байлаа. Албан ёсоор танилцуулсан нь 2013 он. Энэ ажил үргэлжилсэн бол бид 2017 онд метротой болчих байсан. Гурван сонгууль дамнаж ярьж буй шоу 2028 онд биелэх үү?
Цаасан дээр байгуулсан хот, гүүр гээд элдэв байгууламж Монголд зөндөө. Түүний нэг нь энэ. Метро барих гүйцэтгэгчийг биш, метро байгуулах ажлын ТЭЗҮ боловсруулах ч биш, зүгээр л ажлын даалгавар боловсруулах тендер зарлангуутаа битүү постер хотоор нэг наачихсан. Дээрээс нь цахилгаан станцгүй, айлынхаа тогийг асааж чадахгүй байж яаж, ямар цахилгаанаараа метро явуулах гэж байгааг гайхна.
Ер нь Монголд метро барих нь сайхан санаа боловч цаг үеээ олоогүй төсөл болохыг экспертүүд хэлж буй. Эдийн засаг нь ядруухан, үйлдвэрлэл хөгжөөгүй, улс төрд нь хулгай нүүрлэчихсэн. Улс метро барих нь зөв шийдэл лав биш. Нийслэл хот нь бүхэлдээ шахуу ус зайлуулах шугамгүй байж газар доогуур метро барих зохимж муутай мэт. Зардлаа нөхөж дийлэхгүй, үр ашиггүй төсөлд хэдэн арван жилийн улсын төсөв урсах нь тодорхой буй. Гадаад валютын өр 40 тэрбум давчихлаа гэх. Үр хүүхдүүддээ газар нутгийнхаа талыг ч өгөөд барахааргүй өр үлдээх нь сайхан санаа хэрхэвч биш. Улс орныхоо хөгжлийг цогцлоох цахилгаан эрчим хүчиндээ санаагаа уралдуулж, 3.3 сая хүнийг хямд өртөгтэй эрчим хүчээр 100 хувь магадгүй 200 хувь хангачих цахилгаан станцаа түрүүлээд барих хэрэгтэй. Цахилгаантайгаа байхад үйлдвэрлэл цэцэглэж, дэд бүдэц тэлж утаа түгжрэл аяндаа үгүй болох нь тодорхой. Эдийн засгийн хувьд хэний ч хараат бус байх нь хөгжлийн хамгийн том суурь мөн.
Гэтэл “Улаанбаатар метро” төслийн судалгаа хийсэн хугацааг хараарай. 2012 оны сонгуулийн өмнө байгаа юм. Метро байгуулахаар мөрөөдсөн албан тушаалтнуудыг сонгуулийн дараа өнөөхөө мартчихсан явахад нь япончууд ТЭЗҮ-гээ урьдчилсан байдлаар гаргаж өгчээ. Сонгууль өнгөрсөн тул манайхан тоогоогүй. Тиймээс урьдчилсан ТЭЗҮ эцсийнх болоогүй, урьдчилсан хэвээрээ мартагдсан. Харин өнөө жил түүнийг гэнэт санаж, метро байгуулах мөрөөдлөө дахин ярьж эхэллээ. Аргагүй л дээ. Өнөө жил сонгууль болно.
Учир нь эрдэмтэн судлаачдын зүгээс “цахилгааны эх үүсвэрээ шийдвэрлээгүй цагт Улаанбаатар хотод метро байгуулах боломжгүй” гэдгийг мэдэгдсэн удаатай.
Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ирэх өвөл Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүч хязгаарлахаас аргагүй нөхцөл байдал үүссэнийг сануулсан нь метро байгуулах төлөвлөгөө үлгэр болж буйг илтгэсэн хэрэг болов. Зөвхөн метрогоор тогтохгүй гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөө ч эрчим хүчний эх үүсвэргүйгээс шалтгаалж, “будаа болж” мэдэхээр байна. Иймээс нийслэл метро байгуулахаасаа өмнө эрчим хүчний шинэ эх үүсвэр барихад анхаарлаа хандуулж, хүчээ хаяхгүй бол метро ч үгүй, гэр хорооллоо ч барилгажуулж чадахгүй, юу, юу ч үгүй сууж байх вий.
Гэтэл нийслэлийн 2024 оны төсөвт тодотгол хийх хүрээнд метроны зөвлөх үйлчилгээнд шаардлагатай 54.6 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд нийт 566 тэрбум төгрөг зарцуулна. Ингэхдээ зөвлөх үйлчилгээ авсны дараа тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна.
Урьдчилсан байдлаар 6-9 дүгээр сарын хооронд метро барих гүйцэтгэгч компанийг шалгаруулж, суурь судалгаануудыг хийсний дараа есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч энэхүү ажил нь татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэх вий гэдэг болгоомжлол төрүүлж эхлээд байна. Үүнээс гадна аравдугаар сард орон нутгийн 2024 оны сонгууль болно. Үүний дараа нийслэлийн удирдлагууд нөхөн сонгогдох уу эсвэл солигдох уу гэсэн асуудал яригдана. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар орон нутгийн сонгуулиар хэрэв дахин сонгогдохгүй бол түүний хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил дараагийн хотын даргын хувьд нурж ч мэднэ. Учир нь манайхан шинэ дарга томилогдонгуут өмнөх даргынхаа хийсэн ажлыг бүгдийг нь үгүйсгэдэг “адгийн” зантай.
Цаг хугацаа болоод нөхцөл боломжийн хувьд ч тохируулах шаардлагатай. Түүнээс биш том төслүүд сонгуулийн саналын дэнчин биш. 2016, 2020 оных шиг сонгуулийн өмнө иргэдэд нөлөөлөх нь гэж хардах эрт ч гэлээ өмнө нь ийм жишээнүүд олон байгааг бодох л хэрэгтэй.