Архитектор, дэд профессор Б.Адъяагийн үндэсний дурсгалт уран барилгын талаар ”Монголын үндэсний архитектурын дурсгал судлал” номын нээлт боллоо.
Зохиогч уг номондоо түүхийн эх сурвалж, археологийн олдвор, эрдэмтэн судлаачдын бүтээл зэрэгт тулгуурлан өөрийн олон жилийн шинжилгээ, судалгаанд үндэслэн Монголын архитектурын үүсэл хөгжил, түүхийн үечлэл, нэр томъёог цэгцтэй ойлгомжтой болгон улмаар Монголын Үндэсний Архитектурыг онолын түвшинд тодорхойлсон байна. Нүүдэлчдийн гэх тодотголтой эртний уран барилгын дурсгалангууд, инженерийн байгууламжуудыг нүүдэлчид өөрсдийн ахуйн соёл, шашин шүтлэг, зан үйл, хэрэглээндээ тохируулан төлөвлөж, барьж бүтээж байсан төдийгүй эдгээр нь зуун зуун дамжин улам боловсронгуй болж хөгжиж байсныг тодруулан таниулахад энэхүү номын нэгэн зорилго оршиж байгаа юм.
Мөн анх удаа “Монголын дурсгалт уран барилгын суурь судалгааны төрөлжсөн бүдүүвч”-ийг цэгцлэн боловсруулсан ба энэхүү бүдүүвч /схем/ зураглал нь Монгол Үндэсний архитектурын хөгжил, түүхийг гүнзгийрүүлэн судлахад чиг баримжаа болох, цаашлаад судалгаа шинжилгээний тулгуур үндэслэл болж өгөх чухал ач холбогдолтой юм.
Энэхүү бүтээлийн эдгээр ач холбогдол, шинэлэг байдлыг үнэлэн Монголын Архитекторуудын эвлэлийн захиалгаар Монголын улсын Соёлын яамнаас уг номыг эрхлэн хэвлүүлсэн байна.