Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- ын Гомдол, мэдээлэл шалгах болон Судалгаа, дүн шинжилгээний хэлтсээс хүүхдийн эрхийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус хэлтсийн дарга Г.Ууганбаатар “ХЭҮК сүүлийн гурван жилийн хугацаанд 1000 орчим мэдээлэл хүлээж авсан. Үүний 60 орчим нь хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой байлаа. Энэ төрлийн зөрчлийн дийлэнх нь сургуулийн болон гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн. Тухайлбал, сургуулийн орчинд сурч боловсрох эрхээ хязгаарлуулах, үе тэнгийн хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны дарамтад орох зөрчил гарчээ. Гэр бүлийн хүрээнд хүүхэд үл хайхрах, бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэх гомдол, мэдээллийг ирүүлсэн. Бид тэдгээр гомдлыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.
Сургуулийн удирдлага болон боловсролын байгууллагад ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн. Саяхан нэр бүхий сургуулийн төгсөх ангийн сурагчийг үндэслэлгүйгээр хассан гэсэн гомдол хүлээж авлаа. Үүний дагуу ажиллан эвлэрүүлэн зуучилснаар тухайн хүүхдийг сургуульд нь буцааж оруулсан. Төгсөх буюу 12 дугаар ангийн хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг нь тасалдуулсан гэсэн дүгнэлтэд хүрч буй. Түүнээс гадна орон нутгийн алслагдсан сумуудын сургуулийн орчин нөхцөл нь хүүхдийн эрхийг зөрчиж буй талаарх гомдол цөөнгүй. Үүний дагуу сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 128 дотуур байранд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнг илтгэлдээ тусган, холбогдох арга хэмжээг шат шатанд хэрэгжүүлж байгаа” гэв.
Мөн тэрбээр “Хурдан морь унуулснаас болж хүүхэд бэртэж гэмтэх, цаашлаад амиа алдах тохиолдлууд гардаг. Өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулахыг уг нь хориглодог. Гэтэл хориглосон хугацаанд ийм зөрчил гарсан хэвээр л байна. Тиймээс өдгөө хэлэлцэж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуульд хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах талаарх зохицуулалт оруулаад байна” хэмээн онцолсон.