Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжив. “Чингис хаан”-ы буудлын хүчин чадал, зорчигчийн үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны оргил ачааллыг харгалзан орон нутгийнхыг “Буянт-Ухаа” руу шилжүүлэх шаардлагатай гэж үзэж буй аж. Ингэснээр орон нутгийн зорчигч, ачааны урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдүүлэх, тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой хэмээн тооцжээ.