Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсоны улмаас бусдын, өөрийн амь, эд хөрөнгийг алдах тохиолдол их байна. Согтуу байх үедээ автомашиныхаа жолоо атгах нь хэн нэгний аминд хүрэх, эсвэл насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй ч болгож мэдэхийг ойлгохгүй хүн үгүй. Гэсэн ч энэ төрлийн хэрэг, зөрчил гарсаар байдаг. Тэгвэл ийм хэрэг, зөрчлийг бууруулахаар Эрүүгийн, Зөрчлийн тухай хуульд өнгөрсөн сарын 7-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ оны эхнээс мөрдөж эхэллээ. Согтуу жолооч нарыг өмнө нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг байсан. Харин дээрх хуулиудад нэмэлт оруулснаар эрүүгийн хариуцлага ч хүлээлгэхээр болж, шийтгэл чангарсан. Хэрэгжүүлээд 10 хонож буй шинэ зохицуулалтуудыг олон нийт, ялангуяа жолооч нар хэрхэн хүлээн авч буйг сурвалжиллаа.
Эрүүгийн, Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр жолооч эхний удаа согтуурах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, бас цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй бол эрхийг нь нэг жилээр хасаж, 400 000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах өөрчлөлтийг тусгажээ. Өөрөөр хэлбэл, согтуурсан, мансуурсан үедээ автомашин жолоодсон бол шүүхээс баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилснаараа иргэний хүлээх хариуцлагыг чангатгасан аж. Цаашлаад хоёр дахь удаагаа ийм үйлдэл гаргавал Эрүүгийн хуулиар шийтгэл хүлээлгэх нь. Тухайлбал, 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг нь хасна. Мөн 2.7-14 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр зохицуулсан байна. Түүнчлэн зорчих эрх хязгаарлах болон, хорих ялыг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар оноохоор болжээ.
Үүнээс гадна зөрчил гаргасан жолоочийг торгохтой холбоотойгоор хэд хэдэн өөрчлөлт ч оруулсан байна. Тухайлбал, торгуулиа тогтоосон хугацаанд төлбөл 50 хувиар хөнгөрүүлнэ. Харин хуульд заасан хугацаанд буюу 15 хоногт багтаан төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх нь. Цаашлаад торгуулиа төлөөгүй удсан жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж ч магадгүй аж.
Жолооч нарт оноох шийтгэлийг чангаруулсантай холбоотойгоор иргэдийн дунд нэгэн шүүмжлэл гарсан нь замын цагдаа нар хувийн дансаараа мөнгө авах вий гэсэн хардлага байв. Өөрөөр хэлбэл, хуулийн өөрчлөлт нь авлигыг гааруулах үндэслэл болох вий гэсэн хардлага ч байна. Тэгвэл албаныхан нь энэ талаар “Бэлэн бус торгуулийг иргэдэд ногдуулдаг. Тиймээс энэ төрлийн зөрчил гарах боломжгүй. Мөн дотоод хяналт, шалгалтын системээр дамжуулан хянаж байгаа тул энэ төрлийн зөрчил гарахгүй” хэмээлээ.
Өмнө дурдсанчлан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг байсан. Тэгвэл энэ оноос жолоочид ямар шийтгэл ногдуулахыг шүүх шийдэх аж. Өөрөөр хэлбэл, 400 000 төгрөгөөр торгох уу, 7-30 хоногоор баривчлах уу, эсвэл нэг жилийн хугацаагаар автомашин жолоо дох эрхийг нь хасах уу гэдгийг шүүх хянан хэлэлцээд, шийдвэрлэх нь. Хэрвээ гарсан шийдвэрийг биелүүлэхгүй зөрчвөл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас арга хэмжээ авах нь. Мөн эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодвол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Иргэд жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссаныг мэдэлгүйгээр, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийм зөрчил гаргавал мөн л Эрүүгийн хуулиар шийтгүүлэх нь. Цагдаагийн байгууллагаас уг нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд таниулах зорилгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд нээлттэйгээр тайлбар, тодруулгыг өгч байгаа аж.
Цагдаагийн ерөнхий газраас гаргасан, 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлага мэдээллээс харахад уржигдар л гэхэд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 42 зөрчил илэрсэн байна. Сүүлийн үеийн тоон мэдээллийг үзэхэд шинэ зохицуулалт бий болгосноор “ухаарсан” жолооч тийм ч олон биш бололтой. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн зөрчил төдийлөн буурсангүй. Зарим тоон мэдээллээс дурдвал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жил бүр дунджаар 110 орчим хүн амь эрсэдсэн байна. Энэ сарын 8-нд л гэхэд Сэлэнгэ аймгийн Баянгол сумд “Зам, тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийн мөрөөр шалгаад, жолооч нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад осол гаргасныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Үүний улмаас тус машинд зорчиж байсан долоон настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн байна. Энэ бол ойрын үеийн жишээ. Цаашид ч тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон иргэний үйлдлээс болж ямар хэмжээний хохирол учирч болохыг таашгүй биз ээ.
Эдгээр зохицуулалтыг дагаж мөрдөх ёстой хүмүүс нь иргэд. Тиймээс зарим иргэнтэй уулзаж, шинэ зохицуулалт үр дүнд хүрэх, эсэхийг тодрууллаа. Тэдний олонх нь шийтгэлийг чангатгах нь авлига ихсэх шалтгаан болох магадлалтайг онцолсон юм.
Тухайлбал, нэгэн иргэн “Хоёр талтай л даа. Жолооч согтолтын зэргээсээ хамаараад биеэ хянах чадвараа тодорхой хэмжээнд алддаг. Тэр хэмжээгээрээ нийгэмд хохирол учруулна. Үүнийг багасгахын тулд шийтгэл ногдуулах хэрэгтэй. Харин сул тал нь гэвэл шийтгэл нэмэгдэхийн хэрээр манай улс шиг шударга бус нийгэмд авлига нэмэгдэх эрсдэлтэй” гэв.
Бас нэгэн иргэн “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол оноох шийтгэлийг хүндрүүлсэн нь зөв гэж бодож байна. Ингэснээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, хүний аминд аюул учруулах тохиолдол багасах болов уу” гэсэн бол “Ер нь ахадсан шийтгэл гэж бодож байна. 14 сая төгрөгийн торгууль төлөх чадамжтай хүн Монголд цөөн шүү дээ. Зээл авч торгуулиа төлчхөөд, баривчлах шийтгэл хүлээж ч магадгүй. Улсаасаа хэдэн тэрбумаар нь цөлмөсөн хүмүүстээ 40 сая төгрөгийн торгууль ногдуулдаг улс шүү дээ. Гэтэл иргэддээ үүнээс ч хатуу хандаж байгаа нь харамсалтай” гэх хүн ч байлаа. Мөн “Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох ёсгүй л дээ. Гэсэн ч шийтгэл нь арай л хатуу байна. Хэдэн жил, сараар хорьж, торгох нь шүү дээ” гэж нэгэн иргэн байр сууриа илэрхийллээ.
Шинэ зохицуулалтууд нь оновчтой, эсэхийг хуульч, судлаач Л.Галбаатараас тодруулахад “Ял шийтгэлийг нэмэгдүүлэх нь дангаараа үр дүнтэй арга биш. Дэд бүтцээ сайжруулах, сургалт, сурталчилгаа хийж, хуулийг хэлбэрэлтгүй мөрдүүлэх нь чухал. Эдгээр шийтгэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хүмүүсийн тоог бууруулахгүй ч байж болох юм. Гэсэн ч зам, тээврийн ослыг бууруулахад нөлөөлөх байх” хэмээв.
Б.ОЧИРБАТ: ЗӨРЧЛИЙН ТОО БУУРСАН
Зөрчлийн тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодвол ногдуулах шийтгэлийг хүндрүүлснээс гарч буй үр дүнг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатаас тодрууллаа.
-Шинэ зохицуулалт бий болгосноор үр дүн гарсан уу?
-Нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалтаар 2023 оны эхний 11 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 357 зөрчил илрүүлсэн. Үүнээс жолоодох эрхтэй ч согтууруулах ундаа хэрэглэсэн 32 146, эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн 4187, эрхгүй этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн 4024 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн эрхээ хасуулсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон 13 107 зөрчлийг илрүүлсэн.
Сүүлийн 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийн улмаас нийт 3167 гэмт хэрэг бүртгэгдэж, 1278 хүн амь үрэгдэж, 2089 иргэн гэмтсэн харамсалтай тоон мэдээлэл байна. Энэ тоон мэдээллээс харахад согтуу жолоочийн буруутай үйлдлээс жилд дунджаар 120 гаруйн амиа алдаж, 200 гаруй иргэн гэмтэж байгаа юм. Шинэзохицуулалтуудыгхэрэгжүүлснээртодорхой хугацааны дараа согтуугаар үйлдэгдэх зам, тээврийн осол буурна гэж үзэж байна.
-Баривчлах шийтгэлийг ямар тохиолдолд ногдуулах вэ?
-Зөрчлийг хянан шийдвэрлэх явцад тухайн хүний хувийн байдлыг тогтоосны үндсэн дээр баривчлах, торгох шийтгэл ногдуулна. Хувийн байдал гэдэг нь тухайн жолооч энэхүү зөрчлийг хэдэн удаа гаргасан, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, согтолтын зэрэг, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэн, эсэх, урьд нь замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн мөрдөж байсан зэргийг хамруулдаг. Үүний үндсэн дээр торгох уу, баривчлах уу гэдгийг нь шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.
-Хуулийн зохицуулалтыг шинэчилснээс хойш тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох иргэдийн тоо буурсан уу?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдөрт дунджаар 70-80, улирал, гаргийн онцлогоос шалтгаалан 100-120 орчим илэрдэг байсан. Шинэ зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлснээр өдөрт дунджаар 50 орчим зөрчил болж буурсан байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруул даг. Мөн зам, тээврийн ноцтой осол гаргах эрсдэлтэй.
-Өмнө нь хэрхэн зохицуулдаг байсан бэ?
-Захиргааны хариуцлагын тухай хуулиар өмнө нь арга хэмжээ авч байв. 2017 оноос Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр нэг жил жолоодох эрхийг хасаж, 400 000 төгрөгөөр торгож байсан. Өмнө хэлсэнчлэн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож байгаа үйлдлийн цаана хүний амь, эрүүл мэнд хохирдог. Эдгээрийг бууруулахад Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нөлөөлнө гэж үзэж байна.
-Энэхүү зохицуулалтын онцлог заалтуудаас дурдвал?
-Заасан хугацаа буюу 15 хоногт торгуулиа төлөөгүй бол хэрхэх тухай аргачлалыг улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайд хамтран батална. Уг аргачлалаар торгууль төлөх хугацааг тодорхой болгох юм. Мөн тодорхой хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, ангилал ахиулах, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг шилжүүлэх зэрэгт хязгаарлалт тогтооно.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн