Томилогдоод гурван сар, нэг хоногийн турш ажилласан хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өглөө. Тэрбээр уулзалтын эхэнд 2024 онд нийслэлийг хөгжүүлэх ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцууллаа. Нэн тэргүүнд нийслэлд их багтаамжийн метро барьж байгуулах төслийнхөө талаар мэдээлэл өгөв.
Монгол Улс метро барьж байгуулахаар анх 1983 онд судалгаагаа эхлүүлж байжээ. Гэсэн ч ажил хэрэг болгоогүй. 2005 оноос нийслэлийн авто замууд ачааллаа дийлэхээ больж, автомашины түгжрэл эхэлсэн. Тиймээс метро байгуулах яриаг дахин сөхөж, донор байгууллагаар Азийн хөгжлийн банк “тодорч”, суурь судалгааг үргэлжлүүлэн хийж эхэлжээ. Дараа нь 2009 онд АХБ, ЖАЙКА олон улсын байгууллага, 2011 онд БНСУ-ын У “Сусонг Инженеринг” ХК, 2013 онд дахин ЖАЙКА эл асуудалд түлхүү анхаарч, 1983 онд эхлүүлсэн анхны судалгаанд тулгуурлан, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, 18.3 км метроны зам барих төлөвлөлт хийсэн гэдэг.
Өдгөө хотын удирдлага нэгт, урьдчилсан ТЭЗҮ-г үндсэн ТЭЗҮ болгож, шинэчлээд метро барьж байгуулах уу. Хоёрт, урьдчилсан ТЭЗҮ-гээрээ шууд метрогоо барих уу гэдэг салаа сонголтын өмнө ирээд байгаа аж. Үүнээс гадна хотын дарга оны өмнөхөн Япон Улсад 14 хоног ажиллаж, тэндхийн мэргэжилтнүүдтэй уулзаж, тодорхой судалгаа хийж, яриа өрнүүлсэн байна. Японы талаас АХБ-ны ТЭЗҮ-г гаднын компани хэрэгжүүлбэл, зардал хэт өндөр гарна. Харин бид барьж өгвөл 1.7 тэрбум ам.доллароор барьж байгуулна хэмээжээ. Олон улсын тендер зарлаж, гаднын компаниар бариулбал 1.5 тэрбум ам.доллар болно. Хот өөрсдөө менежментээ хийгээд, санхүүжилтээ босгоод, шалгарсан компаниар бариулбал 1.3 тэрбум ам.доллар барих хувилбар байгаа аж.
Хотын дарга хэлэхдээ нэгдүгээр сарын 20 гэхэд PMC буюу зөвлөх үйлчилгээний компани сонгон шалгаруулалтаа хийж, Цагаан сараас өмнө гүйцэтгэгчээ зарлах гэнэ. Ингээд хуулийн дагуу Сангийн яам, ШӨХТГ зэрэг байгууллагууд хяналтаа тавьж дууссаны дараа гуравдугаар сараас ажилдаа орох нь ээ.
Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд төсөлд тусгасан багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийн шугам дагуух хүн амын нягтрал нь
• Босоо тэнхлэг 1-р шугам: Буянт-Ухаа – Чингэлтэй 7 буудал 27.6 км зам дагуу 566.445
• Хэвтээ тэнхлэг 1-р шугам: Толгойт – Амгалан 17.7 км зам дагуу 560.723
• Хэвтээ тэнхлэг 2-р шугам: Орбит – Шархад 20.6 км зам дагуу 518.023 байхаар тооцоолол гарчээ.
Жишээ нь, төслийн хүрээнд Амгалангаас-Толгойт өртөө хүртэл 17.6 км, депо доторх зайг оруулбал 18.3 км метроны зам барина. Офицеруудын ордноос 10-р хороолол хүртэлх 6.6 км зам нь газар доогуур явна. 10-р хорооллоос ил гарч, Толгойт руу ил замаар хүрнэ гэсэн тооцооллыг хотын дарга хэлсэн. Мөн Улаанбаатар метроны төлөвлөж буй шугамын дагуух хөрсний байдлыг Солонгосын тал УБ метро төслийн ТЭЗҮ-г боловсруулах үед хийсэн өрөмдлөгийн судалгааны дүнд үндэслэсэн байна. Судалгааны өрөмдөлөгийн цэгүүдийг нийт таван газар хийсэн гэнэ. Энэхүү судалгаагаар тус газрын хөрс жигд бус ширхэглэгтэй чулуулаг, шаварлаг элс эсвэл лаг шаварлаг, шаварлаг элс гэсэн бүтэцтэй бөгөөд түүний доод хэсэг хадтай. Уст давхаргын хувьд гүехэн хэсэгтээ 2.4-3.0 метрийн гүнээс илэрдэг. Мөнх цэвдэгтэй газар трассын дагуу байхгүй гэх мэдээллийг албаныхан өгсөн.
Түүнчлэн хотын дарга гадаадад метро барьж байгуулах ажилд гар бие оролцож буй Монгол залуустай цахим уулзалт хийжээ. Улмаар “Монголдоо ирж ажиллаач. Гадаадад ажиллаад авдаг цалинг нь гурван жилийн турш олгоно. Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцооч” гэх санал тавьсан гэнэ. Хэрэв Монгол залуус зөвшөөрч, эх орондоо ирж, метро барьж байгуулах ажилд гар бие оролцвол сард дунджаар 10 000 ам.долларын цалин авна гэсэн үг.
Үүнээс гадна Хятад, ОХУ, БНСУ зэрэг улсаас манайд метро барьж өгье гэсэн саналууд ирсээр байгаа гэнэ.
Метро барьж байгуулах ажлын санхүүжилтийг хот дангаараа бүрдүүлнэ. Гүйцэтгэгч компанид тодорхой ажлаа хүлээж авсны дараа төлбөрийг үе шаттайгаар шилжүүлэх юм байна. Үүнд нь Засгийн газар баталгаа гаргаж аж. Мөн ирэх жилүүдэд улсад төвлөрүүлэх хөрөнгө оруулалтаа зогсоох юм байна. Ингээд жилд 200 сая ам.долларыг хот өөр дээрээ нэмж төвлөрүүлж эхлэх нь.